МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас Н.Түвшинбаярын албан тушаалыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасныг Олон Улсын олимпын хороо талархан хүлээн авснаа илэрхийлсэн албан захидал ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Уг албан бичигт,
Танай Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийн талаар
Эрхэм хүндэт Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч танаа,
Танай ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан "Ноён Н.Түвшинбаярын холбогдсон ноцтой хэрэг болон үргэлжилж буй шүүх хурлын улмаас түүнийг Монгол Улсын ҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаас түр хугацаагаар түдгэлзүүлэх" шийдвэрийг бидэнд мэдэгдсэн таны 2021 оны 5 дугаар сарын 29-ний захидлыг талархан хүлээн авснаа мэдэгдэж байна.
Энэхүү шийдвэр нь Олимпын хөдөлгөөнийг удирдан зохион байгуулдаг ёс зүйн зарчим, удирдлагын стандартуудтай бүрэн нийцэж байгаа юм. Мэдээж ҮОХ-нууд нь Олимпын хөдөлгөөний бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгэн адил эдгээр зарчмыг даган мөрдөж, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагатай билээ.
Уг нөхцөл байдлын үр дүнд ноён Н.Түвшинбаярыг удахгүй болох Олимпын наадамд оролцох ҮОХ-ны төлөөлөгчдийн жагсаалтаас шууд хасах бөгөөд тэрээр ямар ч байдлаар итгэмжлэл авахгүй гэж бид ойлголоо.
Мөн танай ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу та ҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллаж, тодорхой хугацаанд ҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эзэмшинэ гэж бид ойлгож байна. Бид үүнийг зохих ёсоор тэмдэглэсэн бөгөөд ОУОХ-ны мэдээллийн санг аль хэдийн шинэчилсэн болохыг баталж байна.
Эцэст нь, бид Н.Түвшинбаяраас 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан захидлын хуулбарыг хавсаргасан бөгөөд танай ҮОХ-ны зүгээс энэ талаар зохих арга хэмжээ авна гэж найдаж байна.
Олимпын хөдөлгөөний ёс зүй, нэр хүндийг хамгаалах чиглэлээр танай ҮОХ-ноос хариуцлагатай арга хэмжээ авсанд талархал илэрхийлье. Мөн цаашдын үйл явдлын талаар бидэнд мэдээлэхийг хүсэж байна.
Хүндэтгэсэн,
Жеймс МАКЛЕОД
Олимпын эв санааны нэгдэл, ҮОХ-той харилцах Захирал гэжээ.