Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өчигдөр манайхаас эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-д 4 бөх гарч барилдаж, 1 хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 66 кг-д дэлхийн шилдгүүдийн нэгд зүй ёсоор багтсан Ё.Басхүү хүрэл медаль хүртэж, энэ жингийн гол өрсөлдөгч гэдгээ баталлаа.
Манай бөх эхний 3 тойрогт Коста-Рика, Египет, Оросын бөхчүүдийг ялсан. Гэвч шөвгийн наймд Японы бөх Жоширо Маруяматай энэ тэнцүү барилдаж, эцсийн дүндээ торгуулиар ялагдсан юм. Ерөөс өчигдөр Жоширог тэвдүүлсэн, энэ тэнцүүхэн барилдсан, түүнд унаагүй бөх манай Ё.Басхүү байлаа.
Тиймдээ ч дагах барилдаанд Францын Килиан Ли Блоучыг нэмэлт цагт ялж, улмаар медалийн төлөөх барилдаанд тулж ирсэн. Харин түүнтэй хүрлийн төлөө барилдах байсан Казахстаны бөх Елдос Жумаканов хагас шигшээд Италийн Мануэл Ломбардотай хүч үзэж байхдаа өвдгөө бэртээсэн учир дэвжээнд гарч ирээгүй юм. Ийнхүү Ё.Басхүү дэлхийн аваргад хүрлийн төлөө барилдаж ялагдаж байсан дутуугаа гүйцээж, медалийн тавцанд зогсож чадлаа.