Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхантай ярилцлаа.
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн танд баяр хүргэе. Танаар төлөөлүүлж төмөр замыг амжилттай барьж байгуулсан Зэвсэгт хүчинд өгсөн шагнал болов уу гэж бодож байна. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын түүхэн том бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлж, 2021 оны зургаан сард ашиглалтад орж анхны галт тэрэг төмөр замаар явсан. Монголчууд бид бүхэн анхлан зураг төслөө хийж, төсөв мөнгөө босгож, монгол залуучууд, монгол инженерүүд, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагууд барьж байгуулснаараа түүхэн ажил болсон. Тийм учраас энэ бүтээн байгуулалтын ажилд олгож байгаа шагнал болов уу гэж бодож байна. Бас үндэсний томоохон төрийн өмчит компаниуд, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон ийм түүхэн ажил цаашдаа үргэлжлэх байх гэж бидэнд өгч байгаа болов уу. Төслийн хэмжээнд нийт 10 мянга гаруй хүн, 3,000 гаруй техник тоног төхөөрөмжөөр ажиллаж байж ард нь гарсан. Байгаль цаг уурын хувь таатай биш бүс нутаг л даа. Саад бэрхшээл маш их байсан. Гэсэн хэдий ч бид ажлынхаа ард гарч чадлаа.
Зэвсэгт хүчин энэ төсөлд оролцсоноороо техник, тоног төхөөрөмж, материаллаг бааз, хүн хүчний нөөц бололцоо маш их сайжирсан. Ажил хийсэн хүмүүсийн хувьд ч нийгмийн асуудлуудаа шийдсэн. Хугацаат цэргийн албан хаагчид гэхэд өдрийн 60 мянган төгрөг авна гэдэг маань сард хоёр сая далан мянган төгрөгийн цалин. Цэргийн албаа хаагаад цалин аваад явах жишээтэй. Тэгэхээр нэг талдаа хугацаат цэргийн алба цаг хугацаандаа ажил мэргэжил олоод, ажил хийж сураад, гэртээ харьж байгаа нь цааш цаашдаа хөдөлмөр хийх бааз суурийг, хөдөлмөрт сургах бодлого, зорилготой явж байгаа ажил юм. Ийм учраас төрөөс маш том бодлогын хэмжээнд хийгдсэн ажил.
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2018 оны нэгдүгээр сард Зэвсэгт хүчнийг улс орны бүтээн байгуулалтад оролцуулах тухай журмыг баталсан. Энэ журам гарснаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн улс орны томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцох болж, эхний төслөө дуусгалаа?
-Тийм. Зэвсэгт хүчин энэ ажилд оролцсоноороо богино цаг хугацаанд ажил гүйцэтгэх үндэс суурь нь тавигдсан. Төмөр замын доод бүтэц гэдэг бол төмөр замын нийт ажлын гуравны хоёртой тэнцэх ажил. Далан барих, хоолой хийх зэрэг ажлыг газар дээр нь хийж гүйцэтгэдэг. Энэ их ажлыг Зэвсэгт хүчин богино цаг хугацаанд удирдаж зохион байгуулсан. Зэвсэгт хүчний давуу тал юу вэ гэхээр цаг наргүй ажиллаж чаддаг. Нэг командаар ажиллаж чаддаг. Цэрэг гэдэг маань зэрэг гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр шагнал гардуулах үгэн дээрээ хэлсэн. Монголчуудыг ажил хийх чадваргүй, залхуу хойрго, том ажлыг удирдаад аваад явж чадахгүй, боловсруулж чадахгүй, төсөв мөнгийг нь ч гаргаж чадахгүй гэж хэлдэг, ярьдаг. Гэтэл өнөөдөр Зэвсэгт хүчин, аж ахуйн нэгжүүд, төр засгийн удирдлагууд нь нийлээд, бүгд эрвийх дэрвийхээрээ ажиллалаа. Цар тахалтай, төсөв мөнгө муутай, эдийн засгийн хямралтай ийм нөхцөлд ажил хийх хүнд байсан. Монголчууд ийм том ажлыг хийж чадах юм байна гэдгийг харуулж чадсан. Үүгээрээ цааш цаашдаа манай залуучууд, монголчууд урам зориг авч байгаа байх аа гэж бодож байна. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч үнэхээр итгүүлж, удирдаж, зохион байгуулж чадсаныг цохон тэмдэглэж хэлмээр байна. Үндсэндээ монголчууд хийж чадна, монголчууд хийж чадсан гэдгийг онцгойлж харуулахын тулд өнөөдрийн шагналыг өгч байгаа болов уу.
Хоёр жил энэ төсөл дээр ажилласныхаа хувьд Монгол Улсын цаашдын хөгжлийн үндэс суурь тавигдаж байна гэж харж байна. Монголчуудын итгэл үнэмшил үнэхээр төрж байгаа. Цаашид хөгжих бүрэн боломжтой. Энэ бол бидний түүхэнд бичигдэх том бүтээн байгуулалтын ажил.
-Зэвсэгт хүчин цаашид бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцоно гэсэн хүлээлт үүслээ шүү дээ.
-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн эхний үе шатанд барихаар тусгасан 416 км төмөр зам дээр вагон яваад эхэлчихлээ. Үүний үргэлжлэл нь Сүхбаатар, Хөөт, Чойбалсан чиглэлийн зам. Энэ зам үндсэндээ 700 гаруй км. “Монголын төмөр зам” ТӨХК одоогоор зураг төслийг нь хийж байгаа. Бид нар энэ ажил руу орно гэж төлөвлөж байна. Мөн Богдхаан төмөр замын төсөл байна. Өнөөдрийн төмөр зам бол хот дундуураа явж байгаа. Автозамын түгжрэл, вагоны дуу чимээ, нэвтрэн өнгөрүүлэх чадвар нь хязгаарлагдмал. Энэ төсөл дээр Зэвсэгт хүчин мөн төмөр замын доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр орохоор болж, ажлын хэсэгт орсон. Ийм хоёр том төсөл байгаа.
Түүнчлэн шинэ суурьшлын бүсүүд, томоохон үйлдвэрүүд, дулааны станц, усан цахилгаан станц, төмөрлөгийн үйлдвэр болон бусад үйлдвэрүүдийн төсөл рүү орох талаар судалгаа, шинжилгээний ажлуудаа хийсэн. Монгол Улсын төрөөс барьж байгаа бодлого, хөтөлбөртэй уялдуулаад өөрсдийн санал санаачилгаа гаргаж, Засгийн газарт хүргүүлчихсэн байгаа. Бид цаашдаа ийм хэмжээний ажлууд руу орж ажиллана.
–Танд баярлалаа.