Энэтхэгийн Засгийн газар коронавирусний халдвар авсан хүмүүсийн эмчилгээнд ашиглах шинэ эмийн эхний багцыг хэрэглээнд нэвтрүүлжээ.
“2-дезокси-D-глюкоз” хэмээх уг эмийг Энэтхэгийн Цөмийн анагаах ухааны хүрээлэн болон Батлан хамгаалахын судалгаа, хөгжлийн байгууллагын лабораторийнхон Хайдарабад хотын “Dr. Reddy's Laboratories” эмийн үйлдвэртэй хамтран гарган авсан бөгөөд онцгой байдлын үед ашиглах эмийн жагсаалтад саяхан бүртгэсэн байна.
Эмийн эхний багцыг тус улсын Батлан хамгаалахын сайд Ражнатх Сингх нийслэл Шинэ Дели хотод Эрүүл мэндийн сайд Харш Вардханд гардуулан өгчээ. Энэтхэгт коронавирусний цар тахлын байдал сүүлийн хэдэн долоо хоногт эрс хүндэрч байгаа юм. Тус улс коронавирусний халдварын тархалтын үзүүлэлтээр АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа юм. Халдварын хоёр дахь давлагааг Энэтхэгт тархсан “B.1.167” хувилбар үүсгэсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна.