Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: СЕХ танайх бол нэг нам хоёр болсон гэж худал ярьдаг байгууллага биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 49 секунд

  Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

  "АН-ын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ бүртгэлтэй. Тус намын тамганы асуудал шүүхийн маргаантай байгаа. Улс төрийн намууд дангаараа болон хамтарч зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн Үндсэн хуулийн хэм хэмжээ бий. Тэгэхээр нэг намаас нэг нэр дэвшигч тодорно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд мөн ийм заалт байгаа. Ардчилсан нам хоёр хэсэг газар нэр дэвшүүлж байна. Үндэсний аудитын газарт мөн л хоёр мөрийн хөтөлбөр хийлгэсэн. Хоёулаа манайд ирлээ.

Нэг хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг дотооддоо шийдэхийг хүсэж байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар бол С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа. Энэ асуудлыг цэгцэлж, тодруулах асуудлыг та бүхэн шийдээч. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. Бид та бүхнээс материал хүлээж авах хугацааг хойшлуулж байна. Өнөөдрийн 18:00 цагаас та бүхнийг хүлээж байя" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

  "АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу АН-аас Н.Алтанхуяг нэр дэвшигчийг дэвшүүлж баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргэж ирлээ. Манай намын хувьд энэ байгууллага нь үндэсний бодлогын хороо юм. Үндэсний бодлогын хорооны хурлаар олонхын саналыг Н.Алтанхуяг авсан.  Үндэсний бодлогын хорооноос гарсан шийдвэрийг намын Их хурлаар баталгаажуулсан.

Нийгмийн сүлжээнд буруу мэдээлэл явж байна. Манай намын нэрийг барьж, хууль бус тамга ашигласан, УИХ-д суудал бүхий намын үйл ажиллагаанд саад учруулах гэсэн хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Улс төрийн намын тухай хууль болон АН-ын үндсэн дүрмийн зохицуулалтаар зөвхөн намын дарга хамаардаггүй. Хянагдсан материалыг хуульд заасны дагуу хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна" хэмээв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

  "СЕХ танайх бол нэг нам хоёр болсон гэж худал ярьдаг байгууллага биш. МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шулуухан хэлчихье. Чи хаан болчихсон юм шиг битгий олон юм ярь. СЕХ бол УИХ-аас байгуулагддаг байгууллага. Та нар МАН-ын дор орсон байна. Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орсон. АН хуваагдаагүй. АН-ыг хуваах гэж МАН жигшүүртэй үйлдэл хийсээр байна. АН-ын тамга бүртгэлтэй хэвээрээ байгаа. Иргэний бүртгэлийн ажилтан захиалгаар тамга хийж болохгүй. Тэр байцаагчийн хийсэн тамгыг түдгэлзүүлсэн. У.Хүрэлсүхийн даалгаврыг биелүүлэхээ больцгоо та нар. Нэр дэвшигчээ захиалдаг болсон байна. Ард түмний сонголтыг та нар хүндэл. Бидэнд бүх бичиг цаас нь байгаа. СЕХ бүртгэхгүй гэх юм бол бид Монголын ард түмэнд хандана" гэлээ.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нэр дэвшигч баримт бичгээ СЕХ-нд хүлээлгэн өгч байна
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нэр дэвшигч баримт бичгээ СЕХ-нд хүлээлгэн өгч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.