Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдааныг өнөөдөр цахимаар зохион байгуулав. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-эрдэнэ нээжээ.
Тэрбээр Залуучуудын хөгжлийн тухай хуулийн дагуу залуучуудын хөгжил оролцоог дэмжих, салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, анхны хурлыг зохион байгуулж байгаад амжилт хүслээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн А.Ариунзаяа “Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого,үйл ажиллагаа: зорилт ба сорилт” сэдэвт илтгэл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Батдорж “Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөний төслийн тухай танилцуулга” сэдэвт илтгэлийг танилцууллаа.Хуралдаанаар эдгээр танилцуулга илтгэлүүдтэй холбоотой санал, асуулт хариулт, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн хэлэлцэн гишүүдийн 100 хувийн саналаар батлав.