Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хүйтний эрч нэгэнтээ суларч буй. Урин хавар ирж гол, мөрөн, нуур цөөрөм гэсэн, шар усны үер бууж, тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усанд живж амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.
Сүүлийн дөрвөн хоногт буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд 1-3 насны 6 хүүхэд гол, тогтоол усанд живж нас барсан байна. Тодруулбал: Завхан аймгийн Цагаан-Хайрхан, Ховд аймгийн Үенч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэргэлэн сумдын нутагт дээрх тохиолдлууд бүртгэгджээ. Иймд эцэг эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхиж эрсдэл гаргахгүй байхыг холбогдох албанаас анхааруулж байна.