Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос санаачлан сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудтай хамтарч Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд болон төрийн бус зарим байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр /2021-04-21/ цахим уулзалт зохион байгууллаа.
Цахим уулзалтад МАН, УИХ дахь АН-ын бүлэг, ИЗНН-МАХН-МУНН-ын “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөгчид оролцов.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран “Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байгаа”-г онцлон тэмдэглээд “хамгийн гол нь улс төрийн намууд хууль дүрмээ чанд сахин биелүүлэхийн сацуу хүний эрхийг хүндэтгэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, шударга, ил тод, нээлтэй сонгууль явуулахын төлөө хамтран ажиллах”-ыг уриаллаа.
Уулзалтад оролцож буй төрийн бус байгууллагуудын зүгээс сонгуулийн үеэр сонгогчдод мэдээлэл хүргэх 1800-2800 дугаарын утас ажиллаж байгаа талаарх мэдээллийг хүргэх, сонгогчдын боловсролын асуудалд хамтран ажиллах, мэдээ мэдээллийг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх асуудалд төрийн байгууллагууд, улс төрийн нам, нэр дэвшигчид анхааран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж ажиллахыг уриаллаа гэж СЕХ-ноос мэдээлэв.