Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэгтэй зугтсан хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан.
Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага хамтран зохион байгуулж буй бөгөөд өчигдөр 23:00 цагийн байдлаар олоогүй тул эрлийн ажиллагааг зогсоож, өглөө дахин эхлүүлсэн байна. ЦЕГ-аас "Яг одоогийн байдлаар олоогүй байгаа" хэмээх хариултыг өгсөн бөгөөд галт зэвсэгтэй тул болгоомжилж байгаа аж.
Хоёр цэрэг хилээс 15 орчим километр газарт байдаг Алтай сумын нэг иргэний гэрт очоод, боорцог, гамбир болон мотоциклыг нь гуйж аваад явсан бөгөөд цэргийн ангиас цааш 50 орчим километрийн зайд тухайн мотоциклоо орхисон. Цааш уулаар орж явсан. Мөрийг нь дэлгэрүүлэн ажиллаж буй тухай ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Ш.Лхачинжав мэдээлж байсан юм.