Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: Шинжилгээний цэгүүдэд шинжилгээ авах багийнхнаас өөр хүн байхгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 34 секунд

     Коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авах цэгийн тоог цөөлсөн. Дүүрэг бүрт ганц хоёр цэгт шинжилгээ авч байгаагаас дараалал үүсч, иргэд яаралтай үед хувийн эмнэлэгүүд дээр өгч байна. Энэ талаар дараах сурвалжлагийг хүргэж байна.

-ЦӨӨН ТООНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГТ НЭН ШААРДЛАГАТАЙ ХҮМҮҮС ЦАГ АВЧ, PCR ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ-

       Шинжилгээний цэгийн тоо багасч, ачаалал нь нэмэгдэх болсон талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа: “Нийслэлийн хэмжээнд найман PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Одоо шинжилгээний цэгийн тоог цөөлөхөөс өөр аргагүй. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ зохион байгуулж, нийслэлийн бүх өрхийг PCR шинжилгээнд хамрууллаа. Хоёрдугаарт, сүүлийн үед Covid-19-ийн батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас голомт дагасан өргөтгөсөн тандалт судалгаа, шинжилгээ илүү хийх шаардлага гарч байна.

      Яг одоо шинжилгээний цэгүүдээс илэрсэн батлагдсан тохиолдлын тооноос халдварын голомтоос илэрсэн тохиолдлын тоо өндөр байгаа. Тиймээс шинжилгээний цэгийн тоог нэмэхээс илүү голомт дагасан шинжилгээгээ хийх нь үр дүнтэй байгаа юм. Цөөн тооны шинжилгээний цэгт нэн шаардлагатай хүмүүс цаг авч, PCR шинжилгээ өгнө. Жишээлбэл, зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутаг руу явах, буяны ажилд оролцох, эмнэлэгт хэвтэх гэж байгаа хүмүүс шинжилгээ өгнө. Өөр бусад шалтгаантай хүмүүс PCR шинжилгээ өгөхгүй гэдгийг олон удаа хэлж байгаа” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлд PCR шинжилгээг дараах байршлуудад хийж байна.

  • ЧД-ийн 50-р сургууль
  • ХУД-ийн 18-р сургууль
  • СБД-ийн 31-р сургууль
  • СХД-ийн 36-р сургууль, 62-р сургууль
  • БЗД-ийн 69-р сургууль, 48-р сургууль
  • БГД-ийн 13-р сургууль
  • Багануур Биеийн тамир спорт хороо

     Бид БЗД-ийн 48-р сургууль дээр болон офицеруудын ордонд байрлах Гялс төв дээр очиж иргэдийн PCR шинжилгээ өгөх нөхцөл байдалтай танилцсан юм.

-ШИНЖИЛГЭЭ АВАХ БАГААС ӨӨР ХҮН БАЙХГҮЙ БАЙНА-

     48-р сургуулийн гадна цөөн иргэд дараалалд зогсож, цагдаагийн албан хаагч үүдэнд нь тэднийг “Улаан бүсээс хурдан гарахыг” шаардаж байв. Учир нь цахимаар цаг аваагүй иргэд бөөгнөрөл үүсгэжээ. Тухайн цагдаагийн албан хаагчаас тодруулга авахыг хүссэн боловч өгөхгүй гэсэн юм.

     Иргэдээс нөхцөл байдлын талаар асуухад: Eruulgerege.mn”-ээс шинжилгээний цаг авах гэсэн боловч дөрөвдүгээр сарын 20-н хүртэл бүх цаг дууссан байсан учраас PCR шинжилгээ авах цэгт ирсэн. Гэтэл шинжилгээний цэг оочергүй. Шинжилгээ авах багаас өөр хүн байхгүй байна. Цаг нь үнэхээр дүүрсэн бол энд олон хүн байх ёстой шүү дээ. Нэгэнт л дараалалгүй, шинжилгээ хийлгэж байгаа хүн ганц хоёрхон байхад биднээс шинжилгээ авч болохгүй зүйл байхгүй шүү дээ. Бид яаралтай ажилтай болохоор л ингээд зогсож байна” гэлээ.

     Шинжилгээ өгөөд гарч ирсэн иргэн: “Шинжилгээ өгөх цаг аваад 10 хоногийн дараа шинжилгээгээ өглөө. Дараалал байхгүй байгаад их гайхлаа. Миний өмнө шинж тэмдэг илрээд шинжилгээ өгөхөөр хүн ирсэн боловч түүнийг цаг аваагүй гэх шалтгаанаар шинжилгээ аваагүй буцаасан. Ингэж болох юм уу” гэв.

     Хувийн эмнэлэгүүдээс “Интермед”, “Гялс” төвүүдэд PCR шинжилгээг 98100 төгрөгийн төлбөртэй хийж байгаа бөгөөд хариу нь 42-60 цагийн дараа гарч байгаа аж. Офицеруудын ордны Гялс төв: “Шинжилгээ өгөх хүмүүс их байна. 30 минут хүлээх хэрэгтэй. Нэг хүн шинжилгээ өгөөд гарсны дараа тухайн өрөөнд ариутгал халдваргүйжуулэлт хийгээд дараагийн үйлчлүүлэгчээ оруулж байгаа” гэлээ.

 

 

Замын-Үүд боомтоор ачаа тээврийн машинуудыг нэвтрүүлж эхлэв
Замын-Үүд боомтоор ачаа тээврийн машинуудыг нэвтрүүлж эхлэв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.