БОАЖЯ-наас тусгай хамгаалалттай газар нутгийн 31 хамгаалалтын захиргаа, усны сав газрын 21 захиргааны 241 байгаль хамгаалагч, мэргэжилтэнг хавар, намрын дүрэмт хувцсаар хангалаа.
Ингэснээр онгон дагшин байгаль, түүхт өв, соёлоо хамгаалахад хүчин зүтгэж байгаа байгаль хамгаалагчид албан үүргээ тав тухтай гүйцэтгэхээс гадна энгийн иргэдээс ялгаран, тэдэнд шаардлагатай тавьж ажиллах боломж бүрдэх аж. Түүнчлэн, өнгөрсөн онд 210 байгаль хамгаалагчийг туулах чадвар сайтай, шинэ мотоциклоор хангаж ажиллах нөхцөлийг сайжруулж байсан билээ.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан ТХГН-ийн Хамгаалалтын захиргаадын удирдлагатай цахимаар уулзаж салбарын тулгамдсан асуудлыг сонсож, чиглэл өглөө. Тэрбээр, байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдтэйгээ эргэх холбоотой, ойр ажиллаж тулгамдаж буй бэрхшээлийг тухай бүрт нь хурдан хугацаанд шийдвэрлэхээ илэрхийлэв.
Уулзалтын үеэр ТХГН-ын хуулийг батлуулах, эрхзүйн орчныг сайжруулах, байгаль хамгаалагчдын зэрэг, дэв, цалин, хөлсийг нэмэхэд анхаарах, вакцинжуулах, байгаль хамгаалагчдыг биеэ хамгаалах зэвсэг, техникээр хангах, тэтгэврийн насыг сайн дураар 55 нас болгох тухай ярилцсан юм.