Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр улс төрд ямар дүрээр эргэн ирэх вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 43 секунд

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр жиргээнд @Nomt7 хаягаар жиргэдэг. Тэрбээр хамгийн сүүлд 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр “Шударга шүүх ардчиллын амин сүнс. Яллах хангалттай нотлох баримт байгаа бол шүүх хурлыг нээлттэй явуулж хууль зөрчсөн хүмүүсийг олны өмнө айлгаж ичээх нь зөв байх. Юуг нууж хаах гэж хаалттай хурал хийв” хэмээн жиргэсэн байв. Түүнийг хорьсноос сар гаруй хугацааны дараа анхан шатны шүүх хурал хаалттай явагдаж, нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилээр хасч, 5.5 жилийн хорих ял оноосны дараа тэрбээр ийнхүү жиргэсэн билээ. 
Тэгвэл тэрбээр өчигдөр “Та бүгд сайн байна уу? "Улс төрийн хөл хорио"-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батлана. Би Та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна” хэмээн жиргэлээ. 
Түүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцээд нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасч, нэг жилийн хорих ял болгон өөрчилснөөр тэрбээр хоригдох хугацаагаа дуусгаад эргэн ирлээ. 
Түүний дүү шарк Н.Цэлмүүн “Нулимс дуслах биш урсаж байна. Баярлах, гомдох, зэвүүн хүрэх нэг дор мэдрэгдэх үе. Хилс хэргээр суусан ах минь аавдаа үнсүүлэх мөч” хэмээн Н.Номтойбаяр аав Б.Нямтайширтай тэврэлдэн уулзаж буй зургийг нь нийтэлжээ. 
Номт эргэн ирлээ. Гэхдээ тэр улс төрд эргэн ирэх үү, эргэн ирвэл ямар дүрээр ирэх вэ гэх зэрэг нь олны анхаарлыг татаж байна. 
Түүнийг 2020 оны УИХ-ын сонгууль эхлэхээс хэдхэн өдрийн өмнө цагдан хорьсон. Хоригдож байх үед нь гэр бүлийнхэн нь сонгуулийн компанит ажлыг нь өрнүүлж, бие даагчаар нэр дэвшүүлсэн билээ. Тэрбээр хоригдохоосоо өмнө “Монголын төрд хэрэггүй гэж үзэж байгаа Ц.Нямдорж мэтийг зайлуулах гэж би Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ” хэмээн хэлсэн байдаг. Гэвч тэр сонгогдож чадаагүй...
Тэрбээр хоригдохоосоо өмнө МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хатуухан үгсийг нэг биш удаа хэлж, Ц.Нямдоржийг зоригтой шүүмжилж, УИХ-ын гишүүнээс өөрийн хүслээр чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьж явсан. Түүнийг хэрэгт холбогдуулан шалгаж, хорих ял оноосон нь “том ах” нарын шоглоом хэмээн харах хүн цөөнгүй байв. 
Тэрбээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахаас гурван өдрийн өмнө намын дарга У.Хүрэлсүхтэй дуудагдан уулзахад “Чи эр зориг гаргаад гишүүнээсээ татгалз” хэмээн хэлсэн талаар хэвлэлд ярьж 60 тэрбумын хэрэгт холбогдон хоригдож буй Ц.Сандуй хорих ангиас “Номтойбаяр одоо өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс татгалзана. Тэгж болохгүй. Хэрэв тэгэх юм бол миний хажуугийн өрөөг түүнд бэлдсэн байгаа шүү” хэмээн төрсөн дүүгээрээ дамжуулан хэлж, сануулсан. Гэвч тэрбээр гудамжинд гарч, тэмцэх хэлбэрийг сонгож, бие даан УИХ-ын сонгуульд орохоо мэдэгдсэн нь энэ бүхний эхлэл байлаа. Хэрэв тэрбээр аядуу зөөлөн байж ах нарынхаа үгээр явсан бол бүтэн жил эрхээ хасуулахгүй ч байж болох байсан...
Н.Номтойбаяр хоригдохоосоо өмнө Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцоод “Хүрэлсүхтэй учраа олвол энэ бүхэн цэгцэрнэ. Гэхдээ би тэгэхгүй” хэмээгээд нэгэн салфетиканд дээр зурсан зургийг тайлбарласан байдаг. “Салаа зам дээр зогсож байна” хэмээх бичгийн дор У.Хүрэлсүх гарын үсгээ зураад түүнд өгөхдөө “Зам салж байна” хэмээн тайлбарласан гэх. Гэвч нэгэнт салсан зам амар нийлдэггүйг Н.Номтойбаяр өнгөрсөн хугацаанд харуулсан. Тиймээс түүний шийдвэр өөрчлөгдөөгүй бол “гудамжнаас тэмцэнэ” хэмээн хатуу шийдсэн талаараа хэлж байв. 
Тэр эргэн ирлээ. Түүний тэмцэл одоо л эхэлнэ.

 

Сүхбаатар аймагт анхны бороо оржээ
Сүхбаатар аймагт анхны бороо оржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.