Францын 19 мужид хэрэгжиж буй хорио цээрийн хязгаарлалтыг энэ бямба гаргаас эхлэн орон даяар хэрэгжүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон лхагва гарагт телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.
Эдгээр арга хэмжээ дөрвөн долоо хоногийн хугацаанд хэрэгжинэ. Их Британид бүртгэгдсэн коронавирусний хувилбар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.
Францын Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн тавдугаар сарын 2-ныг хүртэл зөвхөн хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд бүс нутгуудын хооронд зорчихыг зөвшөөрнө. Түүнчлэн францчууд тусгай зөвшөөрөлгүйгээр гэрээсээ 10 км хол явж болно.
Үүнээс гадна, цэцэрлэг, сургууль, мөн нийтийн хоолны газрууд, худалдааны төвүүд, спорт заал, театр, кино театруудыг хаахаар болжээ.
Орон даяар оройн 19:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорих цагийг хэвээр хэрэгжүүлнэ.
Францын 16 бүс нутагт, түүний дотор Парисын бүсэд гуравдугаар сарын 20-нд хөл хорио тогтоосон юм. Үүнээс долоо хоногийн дараа дахин гурван мужид хязгаарлалтын арга хэмжээг авчээ.
Сүүлийн долоо хоногуудад Францад өвчлөлийн тоо нэмэгдэж, эрчимт эмчилгээний тасгууд ачааллаа дийлэхгүй болжээ. Өнгөрсөн 24 цагт халдварын 30 702 шинэ тохиолдол илэрч, 337 хүн нас барсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 4.5 сая гаруй хүн халдвар авч, 95 мянга гаруй өвчтөн нас баржээ.
Францын эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээс иргэдээ дархлаажуулж эхэлсэн юм. Эрүүл мэндийн яамных нь хамгийн сүүлийн мэдээллээр, 8.5 сая гаруй хүн вакцины эхний тунг, 2.8 сая орчим хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна.