УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Хуралдааны үеэр хэлэлцэх асуудлын өмнө УИХ-ын гишүүн Тилеуханы Аубакир Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр:
"Элэг нэгт Монголын ахан дүүсээ, наран ээж өдөр шөнө тэнцдэг билэгт сайн өдөр УИХ-ын хүндэт индэр дээрээс нийт Монголын ард түмэндээ Наурызын баярын мэнд дэвшүүлье. Наурыз буюу хаврын баяр нь өвлийг өнтэй давж, ирж яваа сайхан цагийг угтаж, өтгөс буурлууд, ах дүү төрөл төрөгсөд, хот айлаараа цугларч өнгөрсөн хугацааны алдаа оноогоо дүгнэн ирээдүйн ажил, амьдралаа төлөвлөж баярладаг баяр билээ. Энэ өдөр ерөөсөн ерөөл биелэдэг гэж бэлгэшээдэг. Дэлхий нийтийг цар тахал хамран амаргүй байсан ч хүн төрөлхтөн бид шинжлэх ухаанчаар тэмцэж хэвийн жаргалтай амьдралд эргэн орох цаг ойртжээ. Энэхүү баярыг Монголын ард түмэн өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн билээ. Туурга тусгаар Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө Монгол, Казак түмэн нэгэн айл болон уйгагүй хөдөлмөрлөсөөр ирсэн юм. Монгол улс мандан бадраг. Та бүхэнд Наурызын баярын мэндийг дахин дэвшүүлье" гэлээ.