Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хотхонд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаатай хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо.
Тухайн хэсэгт 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 цагийн хугацаанд багтан ПГУ шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулах зэрэг арга хэмжээ авахаар дүүргийн Онцгой комисс төлөвлөөд байна. Үүнд:
- Хэсэгчилэн хязгаарлалтад орсон хотхоны бүх өрхийн 18-аас дээш насны иргэдийг /ПГУ/ шинжилгээнд хамруулна.
- Шинжилгээний хариу гартал Цагдаагийн байгууллага хамгаалалтад авна.
- Халдвар авсан иргэдийг тусгаарлах байранд шилжүүлнэ.
- Халдвар бүртгэгдсэн объектуудад халдваргүйтгэл хийж аюулгүй болгоно.
- Шинжилгээний хариу /СӨРӨГ/ гарсан 50-65 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна.
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд тухай бүр зохицуулалтын арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлнэ.
- Байр, орцны хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-ны үйлчлэгч хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөж хогийг цуглуулан, зориулалтын хогийн цэгт хаяж, цэвэрлэгээ хийнэ.
- Халдвар гарсан байрны аюултай болон ахуйн хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага авч халдваргүйтгэл хийж, ачиж тээвэрлэнэ.
Түүнчлэн хотхоны иргэд хүнсний дэлгүүр, эмийн сангаар цагийн хуваарийн дагуу нэг өрхөөс нэг иргэн гадагш гарч хэрэгцээтэй хүнс, бусад шаардлагатай зүйлээ авах зэрэг зохицуулалтыг хийж, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллана.