Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажил ирэх долоо хоногоос эхэлнэ. Ингэхдээ одоогийн замын хөдөлгөөнийг хэсэгчилэн хааж зохицуулах юм.
Азийн автозамын сүлжээний нэг хэсэг болох Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км автозамыг өргөтгөн шинэчилж тавих ажлыг 2019 оны зургаадугаар сараас эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл зам, барилгын ажил дуусаагүй ирсэн. Таван багц болгож хуваан засварлаж буй уг замын эхний багцын ажлыг өнгөрсөн жил бүрэн дуусгасан.
Одоо 3 болон 5 дугаар багцын ажил 70 орчим гүйцэтгэлтэй байгаа юм. Тодруулбал, гуравдугаар багцын замаас 25 км-ын цементэн бэхжүүлсэн суурийг өнгөрсөн онд хийж одоо хучилтын ажил үлдээд буйг энэ оны зургаадугаар сарын эцэст дуусгах аж. Мөн 5 дугаар багцын замд 15 км-ыг хатуу хучилт хийсэн. Ингэснээр 3 болон 5 дугаар багцын замын үлдсэн хэсгийг засаж барьснаар долдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй, графикт хуваарийг батлаад буйг Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төслөөс мэдээлж байна.
Нийт замын хамгийн гүйцэтгэл дутуу буюу муу байгаа хэсэг нь 2 дугаар багцын Хар модтын давааны араас эхлээд Урьхан хүртэлх 45.5 км зам болон 4 дүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.8 км автозам юм. Энэ хоёр багц замын ажлыг гүйцэтгэж байсан БНХАУ-ын компани өнгөрсөн онд гэрээгээ цуцалсан. Ингэснээр ЗТХЯ-наас дахин тендэр зарлаад байна.
Шинээр зарлаж буй тендэрт ажиллах хүч болон техник хэрэгслийн 70-аас доошгүй хувийг дотоодоос бүрдүүлэх шаардлага тавьж буй аж. Энд дотоодын ААН, компаниудын дэмжиж, түншлэн ажиллахад бэлэн байгааг салбарын яам мэдэгдэж байна. Замын бүтээн байгуулалтын ажил цаг хугацааны хувьд шахуу, богино хугацаатай байгаа учир АХБ-тай хамтран тендэрийн бичиг баримтыг эргэн харж замын ажлыг хурдан гүйцэтгэх талаар ажиллаж байна.