ҮАБЗ-ийн гурван ажилтан өнгөрсөн сарын 12-ны өдөр автомашинаар ОХУ руу хил давж, 16-ны өдөр ирэхдээ хоёр нь буцаж ирсэн. Нэг нь цаашаа Москва руу явж Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хийхээр болсон. Буцаж ирсэн хоёр ажилтан 20 сая ам.доллар бэлнээр ачиж ирсэн гэх мэдээлэл өнөөдрийн хэвлэлүүдэд гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн үүрэг өгсний дагуу миний бие тайлбар хийхээр хүрэлцэн ирээд байна. Өнөөдрийн зарим сонин, сошиалд ҮАБЗ-ийн албан хаагчид 20 сая доллар оруулж ирсэн талаар хуурамч, гүтгэлэгийн чанартай мэдээлэл тараалаа. Маш хариуцлагатайгаар хэлье. Энэ бол гүтгэлэг болоод хуурамч мэдээлэл. Улс төрийн зорилготой байх. ҮАБЗ бол төрийн Тусгай чиг үүргийн байгууллага. Манай албан хаагчид төрийн албаны тангараг өргөхөөс гадна цэргийн тангараг өргөсөн тусгай албан хаагчил байдаг. Тэд хуулийн хүрээнд өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж байгаа. Манай тусгай албан хаагчид томилолтоор ажилласан уу. Ажилласан. Онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явсан. ҮАБЗ-ийн үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг. Манай албан хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр ОХУ-ын Улан Үдэ яваад буцаж ирсэн. Энэ албан хаагчид хуулийн дагуу УОК-оос бүх зөвшөөрлөө авсан, ирээд тусгаарлалтад орсон. Явсан машин бүх гааль хяналтын байгууллагаар шалгагдсан. Энэ машинд ямар нэг хууль бус мөнгө байгаагүй. Байх ч боломжгүй. Та нар бодоод үз. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хуучин Ерөнхий сайдын хоорондын зөрчилтэй нөхцөл байдлын энэ үед ҮАБЗ ийм хууль бус ажиллагаа хийхгүй, хийдэгчгүй гэдгийг хэлье. Өнөөдөр гааль, хил хамгаалах, цагдаа, тагнууль бүгд Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэднийг даваад их хэмжээний мөнгө оруулж ирнэ гэдэг боломжгүй. Ийм тэнэг үйл ажиллагаа хийхгүй. Энийг хэн хийдэг вэ гэвэл эрх мэдэлтнүүд хийдэг. Дээрх байгууллагуудыг удирдаж байгаа эрх мэдэлтнүүд, эрх баригч намынхан ийм үйлдэл хийдэг. Эрүүл ухаанаар бодоод үзсэн ч тэр ийм зүйл бид нар хийхгүй. Улс төржөөгүй үлдсэн ганцхан байгууллага нь ҮАБЗ-ийн Ажлын алба. Энэ байгууллагыг битгий улс төржүүлж, улс төрийн зорилгоор ашиглаач ээ гэж хэлмээр байна” гэсэн юм.
Сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-ҮАБЗ Шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрх мэдэлтэй юу?
-Өнгөрсөн хугацаанд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэг заалт орсон нь хэрэв шүүгч нар хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдолд ҮАБЗ-аас зөвлөмж гарвал шүүгчийн эрх мэдлийг нь түдгэлзүүлэх заалт байсан нь хүчингүй болсон. ҮАБЗ-ийн гурван гишүүн хамтраад шүүгчийн эрх мэдлийг хязгаарлах боломжтой байсан ч одоо боломжгүй болсон.
-С.Зоригийн хэрэгт буруутгагдаад байгаа хүмүүсийг эрүүдэн шүүсэн асуудалд таны оролцоо бий гэж Ерөнхий сайд хэлсэн. Та үүн дээр ямар тайлбар хийх вэ?
-Эрүүдэн шүүх ажиллагааны үед би энгийн иргэн байсан. Энгийн иргэн хүн цагдаа хүчний байгууллагын шалгаж байгаа хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжгүй. Ерөнхий сайд энэ талаар УИХ-ын чуулганд ярина гэсэн. Тэр үеэр нь орж тайлбар хийх бодолтой байгаа.
-ҮАБЗ-ийн ажилтнууд ямар шалтгаанаар томлолт авч ажилласан бэ?
-Манай ажлын албаны алба хаагчид явсан. Ямар шалтгааныг нь хэлэх боломжгүй. Манай байгууллага хамгийн доод тал нь албаны нууц, төрийн нууц хамгаалдаг байгууллага учраас нууцын зэрэглэлтэй мэдээллийг олон нийтэд задалж болохгүй. Хуулийн дагуу явагдсан.
-Мэдээлэлд дурьдагдсан гурван ажилтан танай ажлын албанд яг ажилладаг уу?
-Тэд манай ажилтнууд мөн.
-Таныг өмгөөлөгч Б.Бямбацогт гэж хүнтэй холбоотой гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Баасанцогт өмгөөлөгчтэй би танил. Намайг Зам тээвэр хот байгуулалтын сайд байхад МИАТ-д ажилладаг байсан. Одоо холбоогүй. Тэр хүн манай албанд ажилладаггүй.