Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалахаар 2 их наяд төгрөгийн зээл олгож эхэлжээ. Зээлийн ашиглалтад төв банк хяналтаа тавьж, хэрэв зориулалт бусаар ашиглавал хөнгөлөлт байхгүй болж, арилжааны нөхцөлтэй зээл болохыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн анхаарууллаа.
Тэрбээр, “Өнгөрсөн онд нийт дүнгээрээ зээл 6 хувиар багасан, 18 их наяд байснаа 17 их наяд болсон тул 2020 онд эдийн засаг 5,3 хувиар агшсан. Энэ онд хангалттай хэмжээний санхүүжилт олгох, зээл өсгөх шаардлагатай байгаа. Иймд банкууд дээр байгаа чөлөөт эх үүсвэр 8 их наяд төгрөг төв банканд байршсаныг эх үүсвэр болгон гаргахаар хөтөлбөр боловсруулсан. Банкууд зээлийн хүсэлийг харилцагч нараасаа авч эхэлсэн. Цахимаар ч авч байгаа. Өнөөдрийн бичил зээлийн хувьд 70 хувь шинэ, 30 хувь нь дахин санхүүжүүлэх буюу авсан зээлдээ ашиглаж болно гэсэн үг” хэмээсэн юм.
Сангийн сайд Б.Жавхлан энэ үеэр, “Өмнөх алдааг давтахгүйн тулд энэ зээлийг мэргэжлийн байгууллагаар дамжуулж байна. Арилжааны банкууд үйл ажиллагаа нь тогтсон, зээлдэгч нараа мэддэг учир найдаж байна. Банкууд зээлийг зориулалт бусаар ашиглаж байгаа эсэхийг амархан илрүүлэх боломжтой. Банкуудын IT систем, сүлжээ, мөнгөний урсгалыг хянах байдал нэг үеэ бодвол сайжирсан тул зээлийг зориулалт бусаар ашиглах магадлал нэн бага. Зориулалт бусаар ашиглавал зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээ зогсох, өмнөх хөнгөлөлт авсан хүүг эргэж төлүүлэх гэрээний зохицуулалт хийсэн. Хэрэглээний зээлд олгохгүй, өрхийн бизнес эрхэлдэг, ажлын байранд цалин олгодог байх шаардлага тавьсан. Чанаргүй зээлийг нэмэгдэхгүйн тулд мэргэжлийн байгууллагаар дамжуулж байгаа” гэв.