Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс эхэлж хэрэгжих Шүүхийн тухай хуулийн талаар хэн юу хэлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 39 секунд

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хууль тогтоомжийг нийцүүлэх үүднээс Шүүхийн тухай багц хуулийг шинэчилсэн. Өмнө нь мөрдөж байсан Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан харилцааг хуулийн хэрэглээ болон тогтвортой байлгах үүднээс төрөлжүүлэн нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл,  өмнө нь дөрвөн тусдаа хуулиар зохицуулж байсан хариуцлагыг Шүүхийн тухай багц нэг хуулиар зохицуулдаг боллоо. Шүүхийн тухай хуулиар шүүхийн засаглал, шударга ёсны үндсийг тавьж буй. Шүүгч хэнээс ч, юунаас ч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүлсэн гэж ажлын хэсэг онцолсон.  "Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй байна" гэсэн Үндсэн хуулийн зарчим Шүүхийн тухай  хуулиар бодитой хэрэгжих боломж бүрдэж байна хэмээн үзэж буй. Тэгвэл өнөөдрөөс хэрэгжиж эхлэх Шүүхийн тухай хуулийн талаар хэн юу хэлснийг хүргэе. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа 500 гаруй шүүгчээс ихээхэн хамаарна

1992 оны шинэ Үндсэн хуулийг эх баригч, гавьяат хуульч агсан Б.Чимид багш маань"Сайн төрийн дээр хууль ноёлж байг" гэж хэлсэн байдаг. 1992 оны Үндсэн хуулиар бид хараат бус бие даасан шүүх байгуулахаар бичсэн.  Гэхдээ ердийн хуулиар энэхүү үзэл санааг амилуулахдаа өнгөрсөн хугацаанд хангалттай ажилласангүй гэдэг дүгнэлтийг хийсэн байдаг. Хүнээс, ердийн хуулиудаар Үндсэн хуулийнхаа үзэл санааг алдагдуулж, шүүх хараат бусаар ажиллах боломж алдагдсан байгааг ард иргэд ч, шийдвэр гаргах УИХ, Ерөнхийлөгч, шүүгчид өөрсдөө хүлээн зөвшөөрч ирсэн. Олон улсын хараат бус хөндлөнгийн үнэлгээгээр Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийн 140 улсаас 120-д жагссан нь гашуун боловч үнэн юм. Бид шүүхийн энэ системийн гажуудал ердийн эм тариа, боолт хийгээд, тос түрхээд арилгахгүйгээр хүндэрсэн байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Тиймээс хүнд хэлбэрийн хагалгаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Энэ утгаараа шүүхийн хууль тогтоомжийг цогцоор нь өөрчилж, шинэчиллээ. Тиймээс энэ хуулийг шинэчлэлийг шударга ёсны хувьсгал гэж үзэж байгаа. Шударга ёсны хувьсгалыг хуулиар хийх, хуулиар засварлах алхмыг хийлээ. Гэхдээ энэ бол зөвхөн гараа. Одоо сайн хууль амилах эсэх нь хүнээс хамаарна. Тэр дотроо Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа 500 гаруй шүүгчээс ихээхэн хамаарна. Бид хуулиа гаргахдаа тэдгээр шүүгчдийг хөтөч болгохын тулд ирээдүйгээ харж хийсэн. Бид өнгөрсөн рүүгээ биш, ирээдүйг харж хуулиа бичсэн. Одоо байгаадаа сайн дүгнэлт хийж, ирээдүйдээ цагаан жин татуулж, шударга ёсыг манлайлахыг зорьж энэ хуулийн шинэчлэлийг хийлээ. Энэ шаардлагад шүүгчид маань нийцэж, өөрсдийгөө засаж, нийцүүлж ажиллах үүрэг хүлээж байгаа. Ингэж чадахгүй, өнөөдөртэйгөө байхыг хүсч, эрх мэдэлтэй зууралдаж, авлигажин, хонгилдон, муу муухайтай эвлэрч, сайн бүхнийг үгүйсгэж ажиллабал тухайн шүүгч шаардлага хангахгүй гэсэн үг. Шаардлага хангахгүй хүнтэй хариуцлага тооцох эрх ард түмнийг төлөөлдөг УИХ-д байгаа. Энэ утгаараа гараа гэж хэлж байгаа юм. Хууль хэрэгжих явцдаа олон саад бэрхшээлийг туулах болно. Учир нь олон хүний эрх ашгийг хөндөж байгаа. Тэдгээр хүмүүс янз бүрийн байдлаар энэ хуулийн үзэл санааг үгүйсгэх, таслан зогсоохыг оролдсон үйлдлээ зогсоохгүй, хийх болно гэдгийг мэдэж байгаа. Үүнийг улдан дарж, шударга ёсны манлайлал, түчээ болох хүч УИХ-д байгаа. 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тусгасан

Шүүхийн тухай хууль бол Үндсэн хуулийн нэг салаа мөчир нь. Шүүхийн тухай хууль хуулийн засаглал, шударга ёсны суурь үндэс юм. Шүүхийн хуулийн багц хуулийг баталснаар хамгийн гол нь шүүх болон шүүгч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүлж чадлаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн Үндсэн хуулийн зарчим энэ хуулиар хэрэгжих боломж бүрдэж байна. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх илүү нээлттэй, шударга боллоо. Шүүх, шүүгчдэд хуулиас өөр дарга байхгүй. Энэ цагаас эзэнтэй шүүгч, эрх мэдэл, эдийн засгийн хараат шүүгч хэрхэвч байж болохгүй. Үүнийг хуулиар хааж, хязгаарласан.  Шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, дарамталдаг байдал энэ хуулиар эцэс болно. Шүүгчийн томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж, хонгил үүсгэдэг асуудал энэ цагаас зогсоно. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тусгасан. Хариуцлага алдсан, ёс зүйгүй авирласан шүүгчид хариуцлага тооцох хараат бус Сахилгын хороо ажиллах болно. Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий ШЕЗ-ийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, гишүүнийг томилох журам, тавигдах шаардлагыг анх удаа хуульд оруулж өгсөн. ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг нь шүүгчид дотроосоо, үлдсэн тавыг нь УИХ нээлттэй сонсголоор танилцаж, томилно. ШЕЗ-ийн гишүүн эрх зүйч мэргэжлээр 10-аас доош жил ажилласан, хууль зүй өндөр мэдлэгтэй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн өндөр албан тушаал болоод улс төрийн намын албан тушаал эрхэлж байгаагүй, улс төрөөс ангид байх шаардлагыг хуульд тусгасан. 

Сайн хуулийг муу хэрэгжүүлж амийг нь тасдах алдааг гаргаж болохгүй гэдгийг шүүгч нартаа сануулъя. Одоо энэ хуулийн хувь заяа шүүгч нарын гарт ирлээ. Сайн хууль байх эсэх нь шүүгч нараас ихээхэн хамаарна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Бүх шатны шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байх Үндсэн хуулийн зохицуулалт хэвээр байгаа

2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж шударга шүүхээр шүүлгэх эрх баталгаажиж, шүүгч хэргийг хянан шийдвэрлээд шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг ойгомжтой байдлаар тайлбарладаг болох юм байна. Түүнчлэн шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулдаг, цуцалдаг, иргэдэд хүндрэл учруулдаг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Мөн шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус байдлыг хангах болон шүүгчтэй сахилгын хариуцлага тооцох асуудлаар тогтолцооны өөрчлөлт хийсэн. Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд ингэснээр хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулна. Харин бүх шатны шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байх Үндсэн хуулийн зохицуулалт хэвээр байгаа. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг байсныг өөрчилж, нийт бүрэлдэхүүний 50 хувийг шүүгчид чуулганаараа сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилохоор хуульчилсан байна. Хууль 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр зохион байгуулалтын олон ажил эхлэх бөгөөд шүүхийн шударга тогтолцоотой болохын төлөө УИХ, Хууль зүйн байнгын хороо тухай бүр олон нийттэй нээлттэй, ил тодоор хамтран ажиллах болно.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан: Шүүхийн тухай хуулийг зөв ойлгож тууштай хэрэгжүүлбэл хараат бус, шударга шүүх бэхжих суурь тавигдаж, “шударга бусын хонгил” гэгч нуран унана

2017-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үед шүүхийг хараат бус, шударга болгох талаар маш их хэлэлцүүлэг өрнөж, судалгаа хийгдсэн, үүний үр дүн ч Үндсэн хуульд туссан. ХЗДХЯ Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсны дараа 2020 оны нэгдүгээр сард цахим хуудастаа нээлттэй байршуулж 3 сар шахам хугацаанд санал авсан. Засгийн газар уг төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлснээс хойш бүтэн 8 сарын турш УИХ-ын дотор болон гадна хэлэлцүүлэг өрнөсөн. Жишээлбэл, Бодлогод залуусын хяналт, Оюуны инноваци, Нээлттэй нийгэм форум гэсэн шударга шүүхийн төлөө манлайлан ажилладаг ТББ-ууд, Стратеги академи, Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим, УИХ дахь АН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хороо зэрэг газраас 20 гаран хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, зөвлөмжөө ажлын хэсэгт хүргүүлсэн. Мөн шүүхийг дагнан судалдаг судлаачид, хуульчид хувиараа болон хамтран санал, зөвлөмжөө хүргүүлсэн нь бараг бүгд хуульд туссан. Ерөнхийлөгчийн саналын дийлэнх нь энэ хуульд шингэсэн.

Түүнчлэн, Ажлын хэсгийн даалгавраар олон улсын сайн туршлага, сүүлийн 20 шахам жилийн дотоод гадаадын судалгаануудын дүгнэлт, саналыг шүүж шаардлагатайг нь хуульд оруулсан. Шүүхийн тухай хуулийн төслийн эхний хувилбар гарснаас хойш гэхэд Парламентын судалгааны хүрээлэнгийн болон бусад судлаачдын тухайн төсөлд зориулан хийсэн судалгаа гэхэд л тоон хэлээр хэлбэл 500 гаран хуудас болж байна. Энэ бүхний үр дүнд Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцсэн, манайд үүссэн шүүгчийн хараат бус байдал, хариуцлагатай холбоотой тулгамдсан асуудлыг зохистой шийдэх бодлогын үндэслэл бүхий хувилбаруудаас сонгосон сайн хууль болсон. Болгоомжилсон, цаг нь болоогүй гэж үзсэн, бас зөвшилцлийн явцад буулт хийснээс үүдэн цөөн чухал санал тусаагүй ч энэ нь ардчилсан процессын үр дүн, асуудал үүсвэл дараа шийдвэрлэгдэх боломжтой. Энэ хуулийг зөв ойлгож тууштай хэрэгжүүлбэл хараат бус, шударга шүүх бэхжих суурь тавигдаж, “шударга бусын хонгил” гэгч нуран унана. Ихээхэн мөнгөн дүнтэй эсвэл улс төрийн том ашиг сонирхлыг хөндсөн маргааныг шийдэхэд улс төрийн болон бусад зүй бус нөлөө орох эрсдэл байгааг “шударга бусын хонгил” гэж улс төрийн хэллэгээр хэлж байгаа. Үнэхээр ийм эрсдэл байгаа юу гэвэл бодитой байгаа. Энэ эрсдэлийг бууруулах, сэргийлэх, хаах олон механизм Шүүхийн тухай хууль орсон.

НҮБ Монгол Улсын Засгийн газарт хандан мэдэгдэл гаргав
НҮБ Монгол Улсын Засгийн газарт хандан мэдэгдэл гаргав
 
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.