Тусгай нислэгийн тийзний үнэ 15 хувиар хямдарч байгаа болохыг МИАТ ТӨХК-аас мэдээллээ. Хямдрал тусгай нислэгүүдэд хамаарах бөгөөд гуравдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих юм байна.
Тийзний үнийн хөнгөлөлтийн талаар “МИАТ” ТӨХК-ийн коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд: "Иргэдийн татан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тийзний асуудал дээр иргэд хүсэлт гаргасаар ирсэн тул УОК хуралдаж, МИАТ ТӨХК-д чиглэл өгсөн. Бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулах чиглэл ирсэн. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн татан авалтын нислэг дуусах хүртэл үргэлжилнэ.
Сөүл чиглэлийн нислэг 530,000 воны тарифтай бөгөөд үүнээс 15 хувь хөнгөлөөд 457,000 вон болж байна. Токио чиглэлд 59,150 иений тариф 51,050 иен болж, Франкфурт чиглэл 830 еврогоос 731 евро, Истанбул 734 ам.доллароос 629 ам.доллар болох бол Нурсалтан 364 ам.доллароос хямдарч 314 ам.доллар болж байна" гэлээ.