
УИХ-ын ээлжит асуулгын цагаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Жаргалан өөрийн байр сууриа илэрхийлж асуулга тавилаа.
Тэрбээр, "Энэ удаагийн парламентын бүрэн эрх хэрэгжээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд Ардчилсан нам, Монгол ардын намын үзэл санаа, сэтгэлгээний ялгааг өдөр бүр, шийдвэр болгон дээр мэдэрч байгаа. МАН бол дарга төвтэй бүтэц бий болгодог. Аль болох хүнд суртал бий болгож, эрх мэдлийг дандаа төрд овоолж ирсэн.
Харин Ардчилсан нам монголчуудын авхаалж самбаа, идэвх санаачилга, хичээл зүтгэлд итгэдэг. Эдийн засгийн эрх чөлөөтэй Монгол хүн ямар ч халамжид найдалгүй ажил хөдөлмөр эрхлээд, ашиг орлого олоод сайхан амьдарч чадна гэдэгт итгэдэг. Тийм ч учраас Ардчилсан намын гишүүний хувьд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилсан.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний хууль гээд дарга төвтэй, хүнд сурталтай бүтцийг задлах санаачилга орж ирэхээр нь асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж баярлаад хоёр хуулиа нэгтгээд Ерөнхий сайдын ажлын албатай өдөржин шөнөжин ажилласан. Төрийн өмчит компанийн хууль дээр ч адил төрийн өмчит компаниудаа цөөлье, үүсгэн байгуулах үндэслэлийг нь тодорхой болгоё гэдэг итгэлээр ажлын хэсэгт орж ажилласан.
Гэтэл таны ярьж байгаа “Чөлөөлье” санаачилга хоосон популизм, бодит ажил хэрэг болохгүй гэдэг нь мөн танай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хууль, Орон сууцжуулалтын тухай хуулиар харагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулиар хоёр тусгай зөвшөөрөл нэмчихсэн. Нэг гараараа чөлөөлнө гээд байдаг, гэтэл нөгөө гараараа тусгай зөвшөөрөл нэмээд байдаг. Орон сууцжуулалтын тухай хууль маш асуудалтай. Үндэсний орон сууцжуулалтын корпорац байгуулна гээд хуулиараа заагаад өгчхөж байгаа юм. Нэмээд Орон сууцжуулалтын төрөлжсөн банк байгуулна гэчихсэн. Ерөнхий сайд нэг гараараа Эрдэнэс Монгол дээр компаниуд татан буулгасан гээд байгаа ч нөгөө гараараа орон сууцны компани, орон сууцны төрөлжсөн банк байгуулах гэж байна. Ардын намын ам, ажил дандаа зөрөх юм." гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!