
АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа дэлхийн 9 орны Зэвсэгт хүчний ахлагч нарын дунд явагдаж байгаа “Pacific Land Forces Team Readiness Challenge” олон улсын тэмцээн 05 дугаар сарын 01-06-ны өдрүүдэд АНУ-ын Хавайн Оаху аралд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Монгол, АНУ, Канад, Их Британи, Малайз, Фижи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур гэсэн есөн орны цэргийн алба хаагчид зохион байгуулагчдын бэлтгэсэн бие бялдар, сэтгэл зүйн хамгийн хүнд сорилтуудыг туулсан бөгөөд 05 дугаар сарын 06-ны энэ өдөр аваргуудыг зарлалаа. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Их Британийн Зэвсэгт хүчний баг, дэд байрт Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, гутгаар байрт АНУ-ын Зэвсэгт хүчний баг тус тус шалгарсан баяртай мэдээг АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын цахим хуудаснаа онцолжээ.
Монгол цэргүүд дэлхийн 8 орны шилдэг алба хаагчидтай өрсөлдөж, дэд байрт шалгараад зогсохгүй бүлгийн ахлагчаар үүрэг гүйцэтгэсэн рэйнжер, сургагч ахлагч А.Мөнгөншагай тэмцээний "Шилдэг тасгийн захирагч"-аар тодорсон байна.
Монгол Улсаас сургагч ахлагч А.Мөнгөншагайгаар (336) ахлуулсан ахлах ахлагч В.Балдорж (167), ахлах ахлагч Л.Баатар (123), ахлах ахлагч Г.Багабанди (123), ахлах ахлагч Ц.Зоригт (186), ахлагч М.Гандаваа (119) нарын зургаан шилдэг ахлагч ийнхүү эх орныхоо нэрийг АНУ-д мандууллаа.
Тэмцээн зохион байгуулагчид шагнал гардуулах үеэр монголчуудын төрөлхийн дайчин чанарыг онцлон дурдаж, монгол цэргүүдийн багийн ажиллагаа хамгийн супер байсныг цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!