Б.Солонгоо: 2024 онд байгуулсан гэрээний үндсэн зорилго нь мэдээлэл солилцох, тодорхой тайлан авах байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 20 секунд

Өнгөрсөн баасан гарагт ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цахим хуудаснаа мэдэгдэл гаргаж 2024 оны 11-р сарын 12-нд тухайн үеийн ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоос гадаадын нэр бүхий иргэдтэй байгуулсан гэх "Нууц эвлэрлийн гэрээ"-г хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсноо мэдэгдсэн. Энэ даруйд ч Б.Солонгоо тайлбар мэдээлэл нийтэлж байсан.

Тэгвэл өнөөдөр дахин нэмэлт мэдээлэл нийтэлжээ. Тэрбээр "Оюутолгой төсөлтэй холбогдуулж Их Британи улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан гэх асуудалтай холбогдуулж зарим хэвлэл, сошиал медиагаар илтэд гуйвуулсан, ташаа мэдээлэл гарч байгаа учраас тодорхой тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ.

Ричард Боули нь Оюутолгой төслийн гүний уурхайн барилга, угсралтын ажилд оролцож байсан зөвлөх бөгөөд Рио Тинто компани Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын явцын талаар хөрөнгө оруулагчдад үнэн, бодитой мэдээлэл цаг хугацаанд нь өгөхгүй, төөрөгдүүлж хохироож байгаа талаар шүгэл үлээж, АНУ, Их Британийн зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллаж байсан. Маурис Даффи нь мөн Рио Тинто компанид стратегийн зөвлөх үйлчилгээ 10 гаруй жилийн хугацаанд үзүүлж байсан бөгөөд Рио Тинто компанийн үйл ажиллагаанд авилга, ашиг сонирхлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, комплайнс чиглэлээр анхаарах зүйлс байгаа талаар мөн шүгэл үлээж байсан. 2020, 2021 онд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдгээр хувь хүмүүс шүгэл үлээж байгаа талаар мэдээлэл гарч байсан.

Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төсөлтэй холбоотой шүгэл үлээж байсан асуудлыг нягталж эдгээр хувь хүмүүстэй холбогдож 2021 оноос мэдээлэл солилцох, зөвлөх үйлчилгээ авах чиглэлээр гэрээ байгуулсан. 2021 оны эцсээр Оюутолгой ХХК-д Засгийн газрын эзэмшдэг 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх үр дүнд хүрсэн хэлэлцээр амжилттай болоход бодитой дэмжлэг үзүүлсэн, Монгол Улсын эрх ашгийг хангах хүрээнд хамтарч ажилласан зөвлөхүүд юм. Өнөөдөр бид 20 гаруй тэрбум ам.долларын өртөгтэй зэсийн томоохон төсөлд 34%-ийг аливаа зээл, төлбөргүйгээр эзэмшиж байна.

2021 оны намар Засгийн газрын Ажлын хэсэг эдгээр хувь хүмүүстэй хамтарч ажиллаж байгааг уулзалтын явцад мэдсэн Рио Тинто компанийн төлөөллийн царай хэрхэн хувирч, уурлаж байсныг одоо ч тодхон санаж байна. Албан ёсны уулзалтын үеэр удирдах албан тушаал хашиж байсан төлөөлөл нь илтэд бухимдаж байсан нь энэ асуудлыг Рио Тинто компани маш эмзэглэж хүлээж авсны илрэл юм. 2024 онд байгуулсан гэрээний үндсэн зорилго нь мөн л мэдээлэл солилцох, тодорхой тайлан авах байсан бөгөөд тус гэрээ нь хууль зөрчсөн эсэхийг холбогдох чиг үүргийн байгууллага тогтоох биз ээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Оюутолгой төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр тус төсөлтэй холбоотой олон асуудлын талаар иргэд ил тод, бодит мэдээлэл авсан. Хэлэлцүүлгээр яригдаагүй үлдсэн нэг асуудал нь Оюутолгой ХХК-ийн нэхэмжлэлтэй Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй татварын маргаан байсан. Учир нь арбитрын маргаан шийдвэрлэх журмын дагуу арбитрын маргаан хянан шийдвэрлэгдэх ажиллагаа, агуулга нь хаалттай, нууц байдаг. Маргааны явцын талаарх асуудлыг мөн Засгийн газрын хуралдаанд нууцаар хэлэлцүүлдэг.

Энэхүү маргаан 2020 оноос хойш үргэлжилж байна. Арбитрын маргаанд Монгол Улсын эрх ашгийг хангах зорилгоор хоёр сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг:

1️⃣ Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед болон дараа нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий 8 хүнтэй холбогдох авилгын асуудал,

2️⃣ төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсноос шалтгаалж Монгол Улсад учруулсан хохирлын асуудал.

Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж буй олон улсын хуулийн фирм дээрх хоёр сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж Рио Тинто болон Оюутолгой ХХК-иас шаардлагатай нотлох баримт гаргуулах зорилгоор Английн шүүхэд 2025 оны 3 дугаар сард хандсан. Нотлох баримт гаргуулахтай холбоотой энэхүү хүсэлтийг Рио Тинто компанийн зүгээс арилжааны нууц мэдээлэл учраас өгөх шаардлагагүй үндэслэлээр эсэргүүцэж, Английн шүүх 2025 оны 9 дүгээр сард манай Засгийн газрын хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн. 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэртэй доор оруулсан холбоосоор танилцах боломжтой.

Дашрамд дурдахад сөрөг нэхэмжлэл гаргасан асуудал нь АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхэд Оюутолгой ХХК-ийн 66%-ийг эзэмшдэг Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид 2021 онд гаргасан нэхэмжлэлийн агуулгатай зарчмын хувьд адил бөгөөд 2025 оны 10 дугаар сард Рио Тинто компани жижиг хувьцаа эзэмшигчдэд 138 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан.

Татварын маргаанд дээрх хоёр сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь олон эрх ашиг, сонирхлыг хөндсөн нь анзаарагддаг. Арбитрын шүүхэд хянагдаж буй татварын маргааны агуулга нь зөвхөн 1.3 их наяд төгрөгийн татварын нөхөн ногдуулалтаар хэмжигдэхгүй бөгөөд Оюутолгой төсөлтэй холбоотой үүссэн олон маргаантай асуудал, эргэлзээтэй зүйлд цэг тавих үр дагавар ихтэй асуудал юм. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед төрийн өндөр албан тушаалтнуудад авилга өгсөн, ашиг сонирхлын зөрчил байсан нь тогтоогдвол хууль зүйн хувьд Хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүйд тооцох асуудал ч хөндөгдөнө.

Улсын Их Хурлын нээлттэй сонсголын үеэр сангийн сайд асан С.Баярцогт татварын маргааныг эвлэрч, тохиролцож шийдвэрлэх байр суурийг илэрхийлж байсан нь санамсаргүй тохиолдол биш болуу. Нөгөө талаар тухай үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед нь 2015 онд байгуулсан Дубайн гэрээг нээлттэй сонсголын үеэр шүүмжилж байсан С.Баярцогт яагаад татварын асуудлаар тохиролцож болохгүй үндэслэлийг маш сайн мэдэх учиртай. С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй.

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Рио Тинто компанийн зүгээс татварын маргааныг тохиролцож шийдвэрлэх хүсэлт удаа дараа тавьж байсан бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар аливаа аж ахуйн нэгжтэй татварын асуудлаар эвлэрэх, үнийн дүнг бууруулж тохиролцох боломжгүй юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед татварын асуудлыг Дубайн гэрээ гэх баримт бичигт тусгаж тохиролцохыг оролдож байсан ч Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэсэн үндэслэлээр хүчингүйд тооцдог.

Ирээдүйд Монгол Улсын төсвийн орлого болох олон тэрбум ам.долларын татвар авах эсэх асуудалтай холбогдох маргаан яагаад Лондонд арбитрын журмаар хаалттай, нууцаар шийдвэрлэгдэж буйд иргэд гайхаж байгаа нь лавтай. Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд аливаа маргаан үүссэн тохиолдолд Лондонгийн олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зааснаас болж бид захиргааны маргаан буюу татварын асуудлаар олон сая ам.долларын зардал гарган гадаадын зөвлөхүүдтэй (хуулийн, санхүүгийн, техникийн гэх мэт) хамтран ажиллаж, Монгол Улсын эрх ашгийг хамгаалж байна. Рио Тинто компани Хөрөнгө оруулалтын гэрээний тал биш учраас маргаан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш бөгөөд нотлох баримт гаргах үүрэг хүлээгээгүй.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төслийн талаар Засгийн газар нь мэдээлэл, нотлох баримт авах зорилгоор Английн шүүхэд хандсан нь олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн хувьд сонирхол татахуйц асуудал учраас гадаадын хэвлэлээр ч энэ талаар нийтлэл гарсан байдаг. Энэ нь эргээд Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах, өөрчлөх томоохон үндэслэл, сургамж юм.

Цаашид бид нэгдмэл байж, Оюутолгой төслөөс ирэх үр өгөөжийг нэмэгдүүлж чадна. Яриа хэлэлцээнд үр дүн гаргахад маш сайн бэлтгэж, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай байдаг. Нээлттэй сонсголын үр дүнд энэ чиглэлээр олон ажил хийгдэж, бодитой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Жич: дээрх нь нээлттэй эх сурвалжийн мэдээлэлд үндэслэсэн бөгөөд хууль тогтоомжийн дагуу болон маргаан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууц мэдээлэл агуулаагүй болно" гэжээ.

МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн. Цэлмэг, зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн. Цэлмэг, зөөлөн салхитай
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!