Манай сэтгүүлч Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтаас мэдээлж байна. Тус чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Т.Доржханд, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтоос Монгол Улсын эдийн засаг болон банк, санхүүгийн салбарын асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "Төв банкны хувьд хамтарч ажилладаг банкууд бий. Тухайлбал, JP Morgan банктай өнөө өглөө уулзалт хийсэн. Энэ банкны тухайд "Ирээдүйн өв" сангийн хөрөнгө оруулалтыг удирдахад мөн техникийн чадавх бүрдүүлэхэд зөвлөгөө тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн Монголын банкуудын гадаад төлбөр тооцооны боломжийг нэмэгдүүлэх талаар бид уулзалтыг хийж байна. Хэлэлцүүлгийн үеийн нөхцлүүдийг харахад 2026 онд ойлгомжгүй байдал нэлээн үргэлжлэхээр байна. Тийм учраас төв банк, хөрөнгө оруулагчид маш болгоомжтой байна. Тиймээс бодлогын хүүгээ яаран буулгах төлөвгүй байгаа.
Манай банкууд болон санхүүгийн салбар эрсдэл даах чадвартай байх, өнгөрсөн 70 хоногт төв банкнаас авч хэрэгжүүлсэн заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авсан зэрэг нь зөв байсан. Нөгөөтэйгүүр гадны банкуудыг оруулж ирэх хууль эрх зүйн нөхцлүүдийг сайжруулах шаардлага байгаа нь тодорхой байгаа. Өнгөрсөн жил бид нүүрсний үнийн уналтаас болж экспортын гурван төрлийн алдагдалтай гарч байгаа ч зэсийн орлогоороо нөхөж байгаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарсан нь тэсвэрлэх чадвартайг харуулж байгаа юм. Цаашдаа түүхий эдийн уналт, гэнэтийн хүндрэлийг давж чадах эдийн засгийг бий болгоход бүх талдаа анхаарах ёстой. Төв банкны хувьд ч эрсдэл даах чадварыг санхүүгийн салбарт суулгаж, тогтвортой байдлыг бий болгож ажиллана" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!