Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Хорооноос өчигдөр гаргасан тайланд өгүүлснээр тус улсын насанд хүрсэн хүн амын 50-аас илүү хувь илүүдэл жинтэй болжээ.
Үүний 16.4 хувь нь тарган ангилалд багтсан байна. 2002 онд насанд хүрэгчдийн 29 хувь нь илүүдэл жинтэй байсан ба тэр үеэс хойш эзлэх хувь нь тасралтгүй нэмэгджээ. Үүнд эдийн засгийн үсрэнгүй хөгжил, иргэдийн амьдралын хэмнэл, хоол хүнсний бүтэц өөрчлөгдсөн зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн байна.
Коронавирусийн цар тахал илүүдэл жинтэй хүмүүст хүндээр туссан нь Хятадын эрх баригчдыг энэ асуудалд анхаарал хандуулахад хүргэж, энэ оны аравдугаар сард хүн амынхаа таргалалттай тэмцэх төлөвлөгөөг танилцуулав. Насанд хүрсэн хүн амын дунд хөдөлгөөний дутагдал нэмэгдэж, дөрвөн хүн тутмын нэг нь долоо хоногт ганц удаа спортын дасгал хийх хэмжээнд хүрсэн нь нийтээрээ таргалах болсны гол шалтгаан гэж судлаачид дүгнэжээ.
Дараагийн нэг гол шалтгаан нь иргэд хоол хүнсэндээ махыг түлхүү хэрэглэж, жимсний хэрэглээ багассантай холбоотой аж. Түүнчлэн нийгмийн дарамт шахалт нэмэгдэж, олон цагаар сууж ажиллах болсон нь таргалалтад нөлөөлж байгаа гэнэ. Дэлхийн бусад улс орнуудад ч илүүдэл жингийн асуудал хурцаар яригдаж байна.
Эх сурвалж: BBC