СУРВАЛЖИЛГА: “2 цаг дугаарласан ч хүүхдээ үзүүлж чадсангүй. Авсан цалингаа ханиадны эм, хувийн эмнэлгийн төлбөрт зарцуулаад дуусгаж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 47 секунд

Ханиад, томуу, утаатай хавсарч эмнэлгийн ачаалал, эмийн эрэлт нэмэгдэж, монгол өрх бүр дор бүрнээ ханиадтай тэмцэж байна. Айл бүрд ханиаж халуурсан хүн хамгийн багадаа нэг байгаа гээд хэлчхэд хол зөрөхгүй.

Бид нөхцөл байдлыг сурвалжлахаар БЗД-ийн нэгдсэн эмнэлгийг зорьсон боловч, "Ачаалал ихтэй завгүй байгаа ч учраас ярилцлага, сурвалжилга өгөх боломжгүй. Урт дараалал үүсээд эцэг, эхчүүд бухимдалтай байна. Зураг, дүрс авахаар уурлаж, бухимддаг юм" гээд биднийг халгаасангүй.

Буруутгах ч аргагүй юм. Тэнд бидэнд яриа өгөх завтай эмч, мэргэжилтэн байсангүй. Энд тэндгүй уйлж, "унтаарсан" хүүхдүүд, өвдсөн хүүхдээ тэврээд олон цаг дугаарласандаа бухимдаж, уцаарласан ээжүүд гээд эмнэлгийн нөхцөл байдал үнэхээр нүд хальтрам хүнд байна.

Тиймээс бид эмнэлгийн гадна гарч, хүүхдээ үзүүлчхээд гарч ирж байгаа ээжүүдийн төлөөллөөс нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-ЭМНЭЛГҮҮД ХАЛУУРЧ, БҮЛЭЭРСЭН ХҮҮХДИЙН ХӨЛД ДАРАГДАЖ, АРГА НЬ БАРАГДСАН ЭЭЖҮҮД ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ ХУВИЙН ЭМНЭЛЭГ БАРААДАХ ЭС БӨГӨӨС ГЭРТЭЭ ОЧИЖ ЭМЭЭР АРГАЦААХ ГЭХ ХОЁРХОН СОНГОЛТТОЙ НҮҮР ТУЛЖ БАЙНА-

"ӨВДСӨН ҮЕДЭЭ ҮЗҮҮЛЖ Ч ЧАДАХГҮЙ. МОНГОЛД АМЬДРАХ ХЭЦҮҮ БАЙНА"

-Эмнэлгийн нөхцөл байдал ямар байна. Үзүүлж чадав уу?

-Багтах зайгүй их хүнтэй байна. 2 хүүхдээ үзүүлэх гээд ирсэн боловч үзүүлж чадсангүй. 30 минут орчим суугаад нэмээд өвчин авчих юм болов уу гэж айгаад гараад ирлээ. Хоёрхон эмчтэй. Хэзээ орох нь мэдэгдэхгүй урт дарааллын араас очерлож суусаар байтал хүүхдүүдийн халуун нэмэгдээд, уйлаад байхаар нь арга буюу гарчирлээ.

-Одоогоор хоёр хүүхдэд нь ямар шинж тэмдэг илэрч байгаа вэ?

-Халуураад халуун нь огт буухгүй байна.

-Хоёр хүүхэддээ эм авахад хэчнээн төгрөг зарцуулж байна?

-Эм өвч өгөх гэхээр вирусийн эм нь маш үнэтэй. Нэг хүүхдийнх нь 5 хоног уух вирусийн эм гучин хэдэн мянга. Антибиотик нь бас адилхан. Нэмээд дархлаа дэмжих эм, нэмэлтүүд авахаар нэг хүүхдийн эм хамгийн багадаа 150 мянган төгрөг орчим болж байна. Хоёулаа ханиад хүрчихсэн учраас хоёроор үржигдэн гэсэн үг.

-Хоёр хүүхэддээ эм авахад хэчнээн төгрөг зарцуулж байна?

-Эм өвч өгөх гэхээр вирусийн эм нь маш үнэтэй. Нэг хүүхдийнх нь 5 хоног уух вирусийн эм гучин хэдэн мянга. Антибиотик нь бас адилхан. Нэмээд дархлаа дэмжих эм, нэмэлтүүд авахаар нэг хүүхдийн эм хамгийн багадаа 150 мянган төгрөг орчим болж байна. Хоёулаа ханиад хүрчихсэн учраас хоёроор үржигдэн гэсэн үг.

-Авдаг цалин хүүхдийн эмчилгээнд зарцуулагдаад дуусч байна гэдэг зүйлийг залуучууд хэлж байна. Чиний хувьд амьдрал ямар байна вэ?

-Үнэхээр хэцүү байна. Өвдсөн үедээ үзүүлж ч чадахгүй. Монголд амьдрах хэцүү байна.

-Сая үзүүлж чадалгүй гарч ирлээ. Одоо яана гэсэн үг вэ?

-Гэртээ очоод байгаа эмнүүдээ өгөөд аргалдаг юм уу гэж бодож байна. Болохгүй бол эмийн санчаас асууж байгаад өөр эмнүүд авч уулгахаас. Өөр сонголт алга байна шүү дээ.

"ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭЭД ТЭНДЭЭ ХЭВТЭНЭ ГЭХЭЭР САНХҮҮГИЙН ХУВЬД ХЭЦҮҮ Ч ӨӨР СОНГОЛТ АЛГА"

-Та хүүхдээ үзүүлж чадав уу. Хэр удаан очерлосон бол?

-Чадсангүй. Хүүхэд ханиад хүрээд өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн. Бичиж өгсөн эмчилгээг нь хийгээд ямар ч үр дүн гараагүй. Бүр илүү хүндэрчихсэн. Өглөө нэг эмнэлэгт үзүүлэхэд хатгаа байна гээд хэвтэх бичиг хийж өгсөн. Сая дүүргийн эмнэлэгтээ үзүүлж, хэвтэх санаатай ирсэн ч 2 цаг гаруй суугаад үзүүлж чадсангүй. Маш их хүнтэй байна. Халуурч, ханиалгасан хүүхдүүд их байна. Өвчнөө үзүүлэх биш нэмж өвдөөд гарахаар нөхцөл байдалтай байгаа учраас арга буюу хувийн эмнэлэг орох гээд гараад ирлээ. Хувийн эмнэлэгт үзүүлээд тэндээ хэвтэнэ гэхээр санхүүгийн хувьд хэцүү ч өөр сонголт алга.

-Та хүүхэддээ эм авахад хэчнээн төгрөг зарцуулж байна вэ?

-Зөвхөн хүүхдийнхээ ханиадны эмийг авахад л 70-80 мянган төгрөг болсон. Өрхийн эмчийн бичиж өгсөн эмнүүд гэсэн үг. Гэхдээ тэр нь үйлчлээгүй. Одоо үзүүлээд эм бичиж өгвөл дахиад авна. Хэдэн төгрөг болохыг нь хэлж мэдэхгүй байна. Үүнээс гадна гэрийн нэг хүн ханиад хүрэхээр бусад нь дагадаг. Бүгдээрээ эм авахаар энэ тоо 2-3 дахин нэмэгдээд л явна гэсэн үг.

"ХҮҮХДИЙН ХАНИАДНЫ ЭМ ҮНЭТЭЙ УЧРААС ЭМЧИЙН БИЧИЖ ӨГСӨН БҮХ ЭМИЙГ АВЧ ЧАДДАГГҮЙ"

-Танай хүүхэд хэдэн настай вэ. Үзүүлж чадав уу?

-Манай хүүхэд одоо 9 сартай. Хүн ихтэй байгаа учраас үзүүлж чадсангүй.

-Хэр удаан хүлээв?

-Хоёр цаг орчим болсон байх аа. Нэгэнт суусных үзүүлчихье гээд суусан боловч тууралттай хүүхэд, ханиалгасан хүүхдүүд нэмэгдэж орж ирээд байсан учраас гараад ирлээ. Нас нь бага учраас өөр халдвар авчих вий гээд айх юм.

-Одоо тэгээд яах билээ. Өөр эмнэлэгт очих уу?

-Бүгд адилхан байгаа байх гэж бодож байна. Өмнө нь эмчид үзүүлэхэд бичиж өгсөн эмнүүд нь байгаа. Тэр эмнүүдээ өгөөд ажиглая гэж бодож байна.

-Эмчийн бичиж өгсөн эмийг авахад ойролцоогоор хэдэн төгрөг болж байна?

-Эм их үнэтэй учраас бүгдийг нь авч чадаагүй ээ. Ойролцоогоор 40-50 мянган төгрөгөнд эм авсан. Бүгдийг нь авбал бүр талийж өгөх биз.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ЦАЛИНГАА ХАНИАДНЫ ЭМЭНД ЗАРЦУУЛЖ БАЙНА

Сарын цалингийнхаа талыг байрны зээлэндээ төлж үлдсэн мөнгөө өдрийн хоол, өмсөж зүүхдээ арай ядан хүргэдэг залуу гэр бүлүүдийн санхүүд ханиад, томууны үеийн эм, тарианы үнэ дарамт учруулж байгаа нь тодорхой харагдаж байна. Нэг хүүхэдтэй айл эмчийн бичиж өгсөн ханиадны эмүүдийг худалдаж авахад хамгийн багадаа 50-150 мянган төгрөг зарцуулж байгаа бол бага насны 2-3 хүүхэдтэй хүмүүсийн хувьд багадаа 200 мянган төгрөг зарцуулж байна.

Тухайлбал, Төрийн албанд ажилладаг Т.Төмөрийнх ам бүл 4-үүлээ. 2-5 насны 2 хүүхэдтэй. Эхнэр нь жирэмсэн. Сар хүрэхгүй хугацааны дараа 3 дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байна. 11 дугаар сарын дундуур 2 хүүхэд нь ээлжлэн халуурч эмнэлэгт үзүүлээд эмчийн бичиж өгсөн эмийг авахад, 180 мянган төгрөг болсон. 5 хоногийн эмчилгээний дараа хэд хоног амрааж гэртээ сувилаад цэцэрлэгт нь явуулсан ч хэдхэн хоноод дахиад ханиад хүрч өмнөх түүх давтагдсан. Товчхондоо бол сар хүрэхгүй хугацааны дотор 300 мянган төгрөгийг зөвхөн хүүхдүүддээ ханиадны эм авахад зарцуулсан. Өрхийн тэргүүн ганцаараа ажил хийдэг учраас сарын орлого нь 1.6 сая төгрөг. Үүнээс байрны зээл, утасны лизинг, байр, СӨХ, тогны мөнгө гээд 1 сая төгрөг нь шууд гарчихдаг. Үлдсэн 600 мянган төгрөгөөрөө бусад хэрэгцээгээ арай ядан болгодог энэ өрх энэ сард тал хувийг нь ханиадны эмэнд зарцуулчхаж байгаа юм.

Энэ бол ганцхан айлын тулгамдсан асуудал биш. Бага насны хүүхдүүдтэй бүх айлд дээрх дүр зураг бий. Эмчийн бичиж өгсөн эмнээс гадна халуун бууруулах лаа, дархлаа дэмжих витамин, утлагын аппарат, утахдаа ашиглах бодисыг нэмж авбал үнийн дүн улам л өснө.

ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛЖ, ЦАГ, МӨНГӨӨРӨӨ ХОХИРОХГҮЙН ТУЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭНГИЙН ДАДЛЫГ АМЬДРАЛДАА ХЭВШҮҮЛЬЕ

Дээр хэлсэнчлэн ханиад, томуу, утаатай хавсарч эмнэлгийн ачаалал, эмийн эрэлт нэмэгдэж, монгол өрх бүр дор бүрнээ ханиадтай тэмцэж байна.

Харамсалтай нь бид мянга бичиж, шүүмжилж, бухимдлаа илэрхийллээ гээд утаа алга болохгүй. Бидний хүүхдүүд ханиад хүрэхээ больчихгүй. Тиймээс амьсгалын замын өвчлөлийн идэвхжил нэмэгдсэн энэ үед хүүхдээ өвчлөлөөс хол байлгахын тулд өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийж, хэвшүүлэх нь чухал байна. Эрүүл мэндийн байгууллагууд өдөр бүр мэдээлэл өгч, "Ханиад томуу их байна. Хүүхдүүддээ амны хаалт зүүлгэ" гэх үгийг тоть шиг давтаж байгаа ч амьдрал дээр хэвшил болгож, хэрэгжүүлж байгаа хүн ховор. Товчхондоо бол өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийж чадахгүй байж, бусдаас буруу хайж хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг. Түүнээс гадна мөнгө санхүүгээрээ ч давхар хохирч байна.

Тиймээс өвдсөн хойно нь таарсан, таараагүй элдэв эмэнд дарлуулахын оронд урьдчилан сэргийлэлт илүү үр дүнтэй гэдгийг юун түрүүнд ойлгох нь чухал. Энэ бүхэн хамгийн энгийн дадлаас эхэлнэ.

Юун түрүүнд хүүхдэдээ амны хаалт зүүлгэж хэвшье. Гэртээ ороод гадуур хувцсаа үүдэндээ солиод, хоолойгоо зайлж, гараа ариутгаад хүүхэдтэйгээ харьцаж суръя. Маш энгийн дадал шүү дээ. 100 хувь биш юмаа гэхэд 50-60 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолдог.

Мөн хүүхдийг маш сайн унтуулж, амраах хэрэгтэй. Хүний нойр өнгөц, гүн гэж байдаг бөгөөд гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг. Тиймээс оройтож, бага цаг унтах тусам гүн нойрны хугацаа багасна. Унтах цаг оройтох тусам, унтах цаг нь багасах тусам дархлааны бодис ялгарах нь багасдаг гэсэн үг. Тиймээс бага насны хүүхдийг 21-22 цагийн хооронд унтуулж хэвших нь хамгийн тохиромжтой.

Энэ мэтчилэн энгийн дадлууд таны хүүхдийг өвдөхөөс сэргийлэхэд өндөр ач холбогдолтой юм.

ЦЕГ: Цахимаар ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөө залилуулжээ
ЦЕГ: Цахимаар ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөө залилуулжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!