МАН-ын Бага хурлын VIII хуралдаан /2025.09.27-28/ Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Ардын намын даргын асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, намын даргын сунгаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдсөнөөс Бага хурлын гишүүдийн 87.67 хувийн саналаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ялалт байгуулж, сонгогдлоо.
Тодруулбал, Бага хурлын VIII хуралдааны эхэнд Тооллогын комисс санал хураалтын журмаа баталсан. Ингэхдээ нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсон юм. Эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 57 хувийн санал авсан бол Г.Занданшатар 43 хувийн санал авсан байдаг. Улмаар ирцийг дахин бүртгэхэд 321 гишүүн санал хураалтад оролцож 87.67 хувийн саналаар Д.Амарбаясгалан ялалт байгууллаа.
Түүний намтрын тухайд,
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Холбоо мэдээллийн технологийн сургууль
2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2000-2007 онд "Соёмбо принтинг" ХХК-ийн ерөнхий менежер, захирал
2007-2009 онд "Монгол шуудан" ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
2009-2012 онд Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга
2015-2016 онд Монгол Ардын Намын сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга
2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2022.8 сараас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж буй билээ.
Хуулийн дагуу 60 хоногийн дотор намын өмнөх дарга нь шинэ даргаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгөх юм. Улмаар 30 хоногийн дотор дээд шүүх хэлэлцээд, эцэслэн шийдвэрлэх аж. Өөрөөр хэлбэл, нийт 90 хоногийн дотор Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар томилсон шийдвэр эцэслэгдэнэ.