Намрын чуулган өнөөдөр эхэлнэ. Чуулганаар шууд ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэх хуваарьтай байгаа ч үүнээс урьтаж өрнөх улс төр нь зүй ёсны анхаарал татсан асуудал болж хувирлаа. Өнөөдөр хэн юу гэж хэлэх, хэн ямар мэдэгдэл хийхээс ойрын нэг сард өрнөх улс төрийн дүр зураг тодорхойлогдоно.
Ардын намын даргын асуудал энэ намрын чуулганы үеэр “гал дээр тос нэмсэн” үйл явц байх бөгөөд асуудал савнаасаа хальж, Ерөнхий сайд эсвэл УИХ-ын даргын аль нэгнийх нь суудлыг ганхуулах хэмжээнд очих нигууртай байна.
Эх сурвалжууд Ардын нам доторх улс төрийн зөрчил хурцдаж намрын чуулган эхлэхтэй зэрэгцэж УИХ-ын гишүүд Г.Занданшатар Ерөнхий сайдын ЗГ-ыг унагах акц зохион байгуулна гэж байна. Харин нөгөө талд нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу чиглэсэн хариу арга хэмжээ тасралтгүй үргэлжилсээр байх болно. Одоогийн байдлаар түүний хамгийн ойрын хүн гэгддэг Ц.Чулуунзагдыг нэг сарын хугацаатай цагдан хориод байна. Засгийн газрын үйл явцын хажуугаар УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудал орж ирж магадгүй байгаа юм.
Энэ бүгд бүхэлдээ зөвхөн Ардын намын даргын суудалтай холбоотой бөгөөд хэн нь намын дарга болно тэр хүн дараагийн хэдэн жил намдаа төдийгүй, улсдаа засаглах хэмжээнд очно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар болон Д.Амарбаясгалан нарын хооронд “үхэх сэхэхээ үзэх” тулаан зайлшгүй өрнөнө гэсэн үг. Тэгвэл олон хүн Д.Амарбаясгалан чухам яг ямар асуудлаас болж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёртой муудалцах болов. Л.Оюун-Эрдэнийн талд орсноороо хамгийн найдвартай, аюул осол багатай УИХ-ын даргын суудлаа яагаад ингэж ганхуулав гэж гайхширч буй юм. Намын даргын өрсөлдөөнд орсноор түүнд нэг бол ялаад намын дарга, Ерөнхий сайд болох. Үгүй бол УИХ-ын даргаа алдах гэсэн хоёрхон л зам үлдээд байна.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэнэт намын даргад өрсөлдөх болсон шалтгаан нь Ардчилсан нам болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас болсон гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Учир нь Г.Занданшатарын ЗГ хэрвээ цаашдаа оршихыг хүсвэл 42 суудалтай АН-тай заавал ойлголцох ёстой. Учир нь намын бүлгийнх нь бараг тал нь өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талд гараад зогссон байгаа. Тиймээс АН-тай ямар ч хамаагүй үнээр “тэврэлдэж” байж л цаашаа засаглана. Хэрэв АН-тай ойлголцож чадахгүй бол 42 хүнтэй сөрөг хүчин бусад улс төрийн хүчнүүдтэй нэгдэж Ардын намын ЗГ-ыг хэдэн ч удаа шороотой хутгаж мэдэх юм.
Тиймээс Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн талынхан анхнаасаа тохироогоо хийхдээ УИХ-ын даргын суудлыг АН-ын О.Цогтгэрэлд өгч, нэмээд найман сайдын суудлыг ЗГ-таа гаргах маневр хийсэн гэх мэдээлэл байна. Намын даргад нэр дэвшихгүй үлдсэн ч УИХ-ын даргыг нь “авах”-аар болсон тул Д.Амарбаясгалан энэхүү тулаанд орж буй бололтой. Ер нь хамтралын тухай АН-ынхан ярихдаа УИХ-ын даргыг авна гэж удаа дараа мэдэгдэж байсан. Мэдээж МАН-ынхан бид олонх болчихоод УИХ-ын даргаа нөгөө талд өглөө гэж бухимдах нь гарцаагүй. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд цаашдаа ЗГ-аа хамгаалж үлдэх үүнээс өөр гарц бараг л харагдахгүй байна.
Одоо тэгвэл Ардчилсан намынхан бүгд үнэ цэнэтэй болж Д.Амарбаясгалан, Г.Занданшатар талынхны хэн нь илүү сайхан санал тавихыг хүлээх нь гарцаагүй. Ардын намд өрнөсөн энэ улс төрийн том асуудал нам дээрээ биш эхлээд парламент дотор л шийдвэрлэгдэнэ. Үүнд нь кнопны нөлөөгөө хамгийн их тусгах хэсэг нь АН-ынхан билээ. Талууд уг улс төрөө аль болох хурдтай хийхгүй бол төсөв, санхүүгээс эхлээд байдал хүндэрнэ. Тиймээс ойрын нэг сарын дотор л бүх асуудлыг дуусгахаар хичээх нь ойлгомжтой.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд болон УИХ-ын дарга хоёрын нэгнийх нь суудал бараг л ганхана даа...