Намрын улирал эхлэхэд Улаанбаатар хотод оюутнууд түрээсийн байр хайх эрэлт эрс нэмэгддэг. Гэвч энэ үеэр түрээсийн зах зээлд залилан, хууль бус үйлдлүүд олширч, тэр тусмаа оюутнууд болон тэдний эцэг эхчүүд санхүүгийн хохиролд өртөх тохиолдол нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийн статистик мэдээллээс харахад, цагдаагийн байгууллагад 111 орон байрны залилах гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний 56 хувь нь наймдугаар сард бүртгэгдсэн нь оюутны хичээл эхэлж, байрны хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой болохыг харуулж байна.
Улсын хэмжээнд 2025 оны эхний долоон сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар заалт буюу “Залилах” гэмт хэрэг 11,093 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,030-аар буюу 57.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс 9,260 нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь цахим сүлжээ ашиглан үйлдэгдсэн байна.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх албаны ГХЗУСХ-ээс мэдээлснээр, Өнгөрөгч сарын 08-нд Баянгол дүүрэгт нэгэн иргэн нэр бүхий хотхонд байр түрээсэлж амьдарч байтал өөр нэгэн этгээд "Энэ байрыг түрээсэлсэн юм" гэж иржээ. Улмаар тухайн этгээд өөрийгөө залилуулсан тухайгаа мэдмэгцээ цагдаагийн байгууллагад хандсан. Шалгалтын явцад тухайн иргэн цахим сүлжээгээр нэг иргэнтэй холбогдож тухайн байрыг түрээсэлсэн. Ингэхдээ ямар нэгэн гэрээ хийгээгүй, аман байдлаар тохиролцоод 3.9 сая төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон. Одоогоор тус хэрэгт холбоотой шалгалтын ажил явагдаж байгаа аж.
Цахим орчинд залилуулж буй иргэдийн ихэнх нь 18–35 насныхан бөгөөд тогтмол ажил эрхлэлт, орлоготой байх нь давуу тал болдог ч залилуулах эрсдэлтэй. Харин залилагч этгээдүүд 18–45 насны, дунд болон дундаас дээш боловсролтой хүмүүс байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Түрээсийн зах зээлд чиглэсэн гол залилангийн хэлбэрүүд нь дараах байдалтай байна:
• Байр байхгүй атлаа урьдчилгаа авах;
• Амласан үнээс өндөр төлбөр шаардах;
• Гэрээ, бичиг баримт бүрэн бус, гэрчилгээгүй байр санал болгох;
• Онлайн зарын мэдээллийг буруу, баталгаагүй байдлаар оруулах.
Мөн иргэн та түрээсийн байр түрээслэхдээ дараах зөвлөмжийг анхаарах хэрэгтэй:
• Түрээслэх гэж буй байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг баталгаажуулах;
• Түрээслэх этгээдийн овог, нэр, регистрийн дугаарыг шалгах;
• Урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс өмнө гэрээ, бичиг баримтыг бүрэн хяналтад авах;
• Онлайн зарын мэдээлэлд шууд итгэхгүй, заавал очиж үзэх;
• "И-Монголиа" зэрэг албан ёсны системээр давхар шалгалт хийх.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар заалт нь залилах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, гэмт этгээдэд зохих шийтгэл оноох үндэс суурь болдог. Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулсан бол торгуулиас эхлээд хорих хүртэл ял шийтгэл хүлээх боломжтой аж.
М.Ариунжаргал