Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр /2020.12.13/ цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг гаргасан.
Тодруулбал, Монгол Улсын бүх өрхийн цахилгаан, 100 ам.метр талбай бүхий орон сууцанд амьдардаг иргэдийн дулаан, ус, хогны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл тэглэх болсон. Энэхүү хөнгөлөлтөд шаардагдах 650 орчим төгрөгийн төлбөрийг "Эрдэнэт үйлдвэр" дааж байгаа юм.
Энэхүү шийдвэр гарснаар иргэд сар бүр төлдөг төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн хэт ачаалал үүсэхээс сэргийлэх, хэмнэлт хийх шаардлага үүсч байна. Хэдий төлбөр төлөхгүй ч цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал хязгаарлагдмал. Тиймээс иргэд, төлбөрөөс чөлөөлөгдөж буй аж ахуйн нэгжүүд хэрэглээгээ хэт ихэсгэхгүй байх, хэмнэлт хийхийг уриалж байгаа юм.
Нөгөө талаар, цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүсэхээс сэргийлж тодорхой зохицуулалт бүхий журмыг Эрчим хүчний яамнаас гаргахаар болсон байна. Тус журамд эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, төлбөрөөс чөлөөлөгдөхтэй холбоотой зохицуулалтууд тусах бөгөөд тун удахгүй иргэдэд танилцуулах аж.