Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих, тэр дундаа согтууруулах ундааг гар дээрээс худалдсан зөрчил Нийслэлд хамгийн их буюу 63 бүртгэгджээ. Тухайлбал Баянзүрх, Хан-Уул дүүрэгт дийлэнх зөрчил илэрсэн байна хэмээн Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.
Энэ оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой харьцуулахад 11,1 хувиар өсжээ.
Дээрх хугацаанд бүртгэгдсэн 4330 зөрчлийн хэргийн 42,9 хувь нь Нийслэлд гарсан бол орон нутагт гарах зөрчлийн тоо нэмэгдэж, нийт зөрчлийн 57,1 хувь болж өссөн байна. Нийслэлд үйлдэгдсэн зөрчлийн хэрэг өмнөх долоо хоногоос 6,2 хувиар буурч, харин орон нутагт 28,9 хувиар нэмэгдсэн байна.
Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл:
- цагдаагийн байгууллага 95,87 хувийг,
- мэргэжлийн хяналт 0,99 хувийг,
- онцгой байдал 0,39 хувийг,
- бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 2,75 хувийг тус тус шалган шийдвэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1,2 дахин, танхайрах зөрчил 84,6 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 39,2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил хамгийн их хувиар буюу 77,9 хувиар буурсан байна.
Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил Нийслэлд 1,1 дахин нэмэгдэж, орон нутагт 1 дахин буурсан дүнтэй байгаагаас Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хамгийн их гарсан байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 36,6 хувь нь Нийслэлд, 65,3 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол Хөвсгөл аймагт хамгийн их буюу 233, Увсад 197, Ховдод 178, Дорноговьд 175 тус тус үйлдэгдсэн байна.
Танхайрах нийт зөрчлийн 29,2 хувь нь Нийслэлд, 70,8 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Завхан, Ховд аймгуудад хамгийн их гарсан байна.