Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголыг дэлхийд таниулах “Цагаан алт“

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 46 секунд

Монгол Улс хүн амынхаа тооноос хэд дахин нугарсан малтай, хөдөө аж ахуйн орон боловч эдийн засгийг нь уул уурхайн салбар нуруундаа үүрч буй. Олон жил ярьж буй эдийн засгийг солонгоруулах хамгийн дөт гарц нь “Цагаан алт” болж байна. Малчны хотоос Милан хүрэх ирээдүй ч бий. Энэ утгаараа Монгол хонины ноосыг дэлхийн брэнд болгох эхлэл нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан энэхүү үндэсний хөдөлгөөн юм.

МОНГОЛ НООС ДЭЛХИЙН БРЭНД БОЛОХ БОЛОМЖ БИЙ ЮУ

Өнөөдөр малчны хотхоноос гарч буй хонь, ямааны ноос, ноолуур Милан хүрэх ирээдүй хэр гэрэлтэй байна вэ? гэх асуулт урган гарч буй. Дэлхийн ноолуурын зах зээл 2029 хүртэлх хугацаанд жил бүр 6 хувийн өсөлттэй байх ба 4,3 тэрбум ам.долларт хүрэх дүр зураг бий. Хэдий эдийн засгийн өсөлтийг шууд ингэж өснө гэж хэлэх аргагүй ч ноолуурын зах зээл нүүрстэй харьцуулахад гэрэлтэй байх бололтой.

Тэгвэл манай улсын хувьд дэлхийн ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг бэлтгэн нийлүүлдэг. Манай үндэсний үйлдвэрлэгчид энэ салбарын томоохон тоглогчдын тоонд зүй ёсоор тооцогддог болохыг салбарын сайд Ж.Энхбаяр тодотгож байлаа.

Тэрбээр “Дэлхийн ноосны зах зээлийн статистикийг харахад, манай улс хонины тоогоороо эхний 14 дүгээрт жагсдаг. Өөрөөр хэлбэл, бид жилд 30 мянган тонн ноос бэлтгэх чадавхтай. Ноосны зах зээл нь 2029 он гэхэд 3,2 хувиар тэлж, 45,6 тэрбум ам.долларт хүрэх эерэг өсөлт ажиглагдаж байна. Арьсан эдлэлийн дэлхийн зах зээлийн жилийн дундаж өсөлт 4,3 хувьтай байх бол 2029 он гэхэд 376,2 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. "Цагаан алт" үндэсний хөтөлбөр 2028 оны сүүлч хүртэл дөрвөн жил үргэлжилнэ. Энэ хугацаанд эдийн засгийн таатай үе тохиож байгаа тул бид эл боломжийг оновчтой ашиглах хэрэгтэй” гэж байлаа.

2024 оны байдлаар манай улсын хэмжээнд нийт 57.2 сая тоо толгой мал бүртгэгдсэн. Мал тооллогын дүнгээс үзвэл энэ жил 8500 тонн ноолуур, 30 мянган тонн ноос, 1,9 мянган тонн тэмээний ноос, 397,6 тонн сарлагийн хөөвөр, 17,2 сая арьс шир бэлтгэх тооцоо байна.

ХЭРЭГЛЭГЧЭЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОХ ШАНГ ТАТСАН "ЦАГААН АЛТ"

Худалч хүнд хэрэглээний савангаас авхуулаад бүх бараа бүтээгдэхүүнээ Хятадаас импортолдог хэрэглэгч орны зовлонгоос салж үйлдвэрлэгч болох шанг хувийн хэвшлийнхэн л татна. Энэ утгаараа “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байгаа.

Тиймээс 2024-2028 он хүртэл хэрэгжих “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний гол тулгуур багана нь болсон аж ахуйн нэгжүүдийг төрөөс эдийн засгийн бодлогоор дэмжиж буй юм.

Энэ хүрээнд нийт 2.19 их наяд төгрөгийн төсөв баталсан бөгөөд энэ жилээс 788 тэрбумын зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор болсон юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох шанг "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн татаад байна.

МОНГОЛБАНК БИЗНЕСИЙГ ДЭМЖИЖ БУЙ ХӨТӨЛБӨРҮҮДЭД ОЛГОЖ БУЙ ЗЭЭЛ НЬ АЖ АХУЙН НЭГЖ ТОМРОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.2 их наядын зээл гаргасны үр дүнд өнөөдөр хөдөө аж ахуйн салбар өсөлттэй байна. 2024 эхэнд зуд нүүрлэж, малын 10 гаруй хувь хорогдож энэ салбарыг доош нь татсан ч нөгөөталд газар тариалан, боловсруулах үйлдвэрийн салбар өсөлттэй буюу 8 хувьтай гарсан бол улсын ерөнхий эдийн засгийн өсөлт 5 хувьтай гарлаа. Иймд хөдөө аж ахуйн салбар бусад салбараасаа өсөлттэй байна.

Монголбанкны зүгээс “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн тодорхой бизнесийг дэмжиж буй хөтөлбөрүүдэд зах зээлийн дундаж хүүнээс бодлогын хүүг хасч байгаа учраас эцсийн зээлдэгч буюу аж ахуйн нэгж, малчинд нэн хөнгөлөлттэй зээл ирж, тухайн аж ахуйн нэгж томрох боломжийг бүрдүүлж байна гэж байлаа.

Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгох 788 тэрбум төгрөгийн зээлийг өнгөрсөн онд баталсан бөгөөд 2025 оны нэгдүгээр сараас олгож эхэлсэн билээ. Он гарсаар дөрөвдүгээр сарын байдлаар нийт 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдэд олгожээ. Үйлдвэрлэгчдийн төлөөлөл дараах байр суурийг иэлхийлж байлаа.

ХҮНДРЭЛ ЧИРЭГДЭЛГҮЙ БОГИНО ХУГАЦААНД ЗЭЭЛЭЭ АВЧ БАЙНА

Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Дархан нэхий” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа: “Манай компани “Цагаан алт” хөдөлгөөнд аль хэдийнэ хамрагдаад байна. Хорин тэрбум төгрөгийн зээл хүссэнээс одоогоор 16,9 тэрбум төгрөгийн зээл авсан. Манай компани дөрвөн төсөл хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, арьс ширний үйлдвэрээс гардаг хог хаягдлыг боловсруулах хүрээнд Шахмал ширний үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хүндрэл чирэгдэлгүй, богино хугацаанд зээлээ авч байгаа. Мэдээж, аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжсэн тохиолдолд ирэх 5 жилийн төлөвлөгөөгөөр манай үйл ажиллагаа 3-5 дахин өссөн байх төлөвтэй байна” гэлээ.

Ч.Лодойсамбуу: МАН-ын зодоонд манай үеийнхэн хэлмэгдэх нь үү дээ
Ч.Лодойсамбуу: МАН-ын зодоонд манай үеийнхэн хэлмэгдэх нь үү дээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.