Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Энхсаран: АДЦС-ын ажилчид маш аюултай нөхцөлд ажиллаж байна. Дахиад хэзээ хүний амь эрсдэх нь цаг хугацааны асуудал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 21 секунд

Эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооноос саяхан болсон цахилгаан станцын осол болон тус салбарын ажилтнуудын нийгмийн асуудал, цалин хөлс хүрэлцээгүй байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус холбооноос Эрчим хүчний сайд Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нарт 2023 онд шаардлага хүргүүлж байсан ч цалин нэмэх боломж нөхцөлгүй байгаа гэжээ.

Энэ тухай Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “Бид нэгдүгээрт цалин хөлс нэмэгдүүл, хоёрдугаарт технологийнхоо засвар үйлчилгээг нэн даруй хий гэдэг шаардлагыг хүргүүлж байсан ч алийг нь хэрэгжүүлээгүй. Үүнийг Засаг бодлогоор шат дараатай хийх ёстой байсан. Ийм нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд дахиад саяных шиг осол, аваар гарах нь энүүхэнд. Эрчим хүчний салбарт ийм асуудалд тулаад байна гэдгийг сонссон бол осол болохоос өмнө арга хэмжээ авч болох байсан. Монгол хүн ажлаа хийж байгаад л амиа алдаад байх юм уу” гэв.

Мөн энэ салбарт засаглалын хямралд орсон тухай хөндлөө. "Эрчим хүчний яам бодлогоо барьж чадахгүй болсон. Эдийн засгийн хөгжлийн яаманд бүх том төслүүдээ өгчихсөн. Яам бодлогын бүх асуудлаас хойш суусан. Гэтэл өнөөдөр ослын хариуцлагыг 3-р сард байгуулагдсан "Эрчис монгол" гэдэг компанид үүрүүлээд сууж байна. Энэ хямрал цаашдаа ажиллах хүчний хямрал болж хувирна. Ажиллах хүчнээ мэргэжлийн бус томилгоонууд хийгдэх болсон. Төрийн хуулиа зөрчөөд Бүтээмжийн менежер томилсон. Нам дагасан энэ томилгоонууд мэргэжлийн бус хүмүүс байгаа. Мэргэжлийн бус менежрүүд нь ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг дарамталж байна. Сайдыг дагаж дарга нар солигддог байсан бол одоо инженерүүдийг хүртэл халж, сольдог болсон" гэв.

Саяхан үйлдвэрлэлийн осол болж, 1 ажилтан амиа алдсан ДЦС-3-ын төлөөлөл дараах мэдээллийг өглөө.

ДЦС-3-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран “Хамт олноо төлөөлөөд талийгаачийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Манай станц 198 мвт хүчин чадалтай. 1001 ажилтантай. 2025-2026 оны өвлийн ачааллыг давах бэлтгэл ажлын хүрээнд засвар ажил эхэлсэн шөнө гал гарч харамсалтай хэрэг гарсан. Энэ үйлдвэрлэлийн ослыг мэргэжлийн байгууллагууд судалж байгаа. Одоогоор дүгнэлт гараагүй байгаа.

Өнөөдрийг хүртэл ЗГ, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны алдаатай үйлдлүүдийг ажилтнууд үүрч ирсэн. Хэн биднийг удирдаж, хэн биднийг хамгаалах ёстой, бид хаана харьяалагдаж байгаа нь мэдэгдэхээ больсон. Цалин нэмэгдүүлэх асуудлаар удаа дараа хандсан ч салбарын яам болон зохицуулах хороо бие бие рүүгээ түлхдэг. Бид маш аюултай орчинд ажилладаг. Эрүүл, аюулгүй ажиллах орчин зөрчигдөж байгаа. Нийгмийн баталгаа хангагдахгүй байгаа учраас боловсон хүчин маш их дутагдалтай байгаа. Дутагдалтай байгаа учраас ирсэн хүн бүрийг шалгуургүй шахам авч байна. Хүний нөөцийн бодлого гэж байхаа больсон.

Бид шаардлагатай засвар үйлчилгээг хийж чадахгүй байна. Эрчим хүчний ажилтнууд маш аюултай орчинд ажиллаж байна. Харамсалтай энэ байдалд арга хэмжээ авсангүй. Энэ аюулыг арилгах гэж явж байгаад ажилтан маань амиа алдлаа. Ажилчид бүгд айдастай байна. Дахиад хэзээ хүний амь эрсдэхийг хэлж мэдэхгүй байна. Цаашдаа энэ салбарт ажиллах хүн үлдэхгүй нь" хэмээлээ.

Опозит хамтлагын “БОЛОР ЦОМ“ тоглолт энэ сарын 7-нд төв цэнгэлдэх хүрээлэнд болно
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.