Эртний Ромын хот болох Помпей нийтийн тооллын 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтийн улмаас үнс нурманд бүхлээрээ хучигдаж байжээ. Энэхүү хотын захад орших барилгын балгаснаас боол, эзэн хоёрын маш сайн хадгалагдаж үлдсэн цогцсыг саяхан Италийн судлаачид илрүүлжээ.
Олдсон хоёр цогцосны залуу нь 18-25 насных байсан ба нурууны ясанд суулт өгсөн байсан нь хүнд хэцүү хөдөлмөр эрхэлдэг боол байсан гэх дүгнэлтэд хүргэжээ. Харин нөгөө хүн нь 30-40 насны, эрүүл чийрэг нэгэн байсан ба боолын эзэн байсан гэж таамаглаад байна. Тэд галт уулын дэлбэрэлтээс зугтах гэж яваад халуун үнс нурманд дарагдсан байх магадлалтай аж.
Үүнээс өмнө 2018 онд Помпей хотын өөр нэг хэсгээс хоёр эмэгтэй, гурван хүүхдийн хамт тэврэлдсэн цогцсыг олж байсан бол 2017 онд дээрх газраас холгүй жүчээнээс тэргэнд хөллөсөн гурван морины үлдэгдлийг олж илрүүлжээ.
Анх 2018 онд эх, хүүхдүүдийн цогцос олдохоос долоо хоногийн өмнө хананд нүүрсээр бичиж үлдээсэн бичээс олдсон байна. Уг бичээсийг тайлж уншсаны дараа Везуви галт уул нийтийн тооллын 79 оны аравдугаар сард дэлбэрсэн болохыг тогтоожээ. Өмнө нь тухайн оны наймдугаар сард дэлбэрсэн гэж үздэг байсан аж. Цар тахлын улмаас жуулчдад хаалттай байгаа Помпей хотын балгаст малтлага хийх ажил үргэлжилж байгаа ба Помпей хотын балгасыг анх 16 дугаар зуунд нээж, анхны малтлагыг 1748 онд хийж байсан юм.
Эх сурвалж: CNN