ЭХЗХ: Цахилгаан халаалттай айл өрхүүд 50 хувиар илүү тог хэрэглэж байгаа нь 5-6 орон сууцны айлын цахилгаан хэрэглээтэй тэнцэж байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
11 минут 4 секунд

Ирэх намраас гэр хорооллын айл өрхүүд ухаалаг тоолуур буюу 3 тарифтай цахилгааны тооцоолуурт шилжих бол орон сууцны айл өрхүүдийг мөн адил үе шаттайгаар ухаалаг тоолуурт шилжүүлэхээр болжээ. Тэгвэл иргэд цахилгааны төлбөрөө хэрхэн хянах, хэмнэх тухай зарим асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч, хэмнэлтийн газрын дарга А.Бат-Эрдэнээс тодрууллаа.

--------------------

- Гэр хорооллын айл өрхүүд ухаалаг тооцоолуурт намраас шилжих юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Одоогоор ухаалаг тоолуурт айл өрхүүд шилжиж эхэлсэн үү?

-Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яамнаас хамтран ухаалаг тоолуурт шилжүүлэх арга хэмжээг цахилгаан түгээх сүлжээ компаниудаар дамжуулан хэрэгжүүлж байна. Одоогоор 130 гаруй мянган айл өрх ухаалаг тоолуурт шилжсэн. Энэ нь хэрэглэгчийн өөрийн хүсэлтээр хоёр юм уу, гурван тоолууртай байж болно.

Зөвлөхөд 1000кв/ц-аас дээш хэрэглээтэй, хэрэглээ нь 24 цагт тогтмол ижил ойролцоо хэрэглээтэй бол гурван тариф руу шилжиж оргил ачааллын цаг буюу 17:00-21:00 цагийн хооронд цахилгааны өндөр хэрэглээгээ багасгах, эсвэл өөр цаг руу шилжвэл бусад тарифын үнэ харьцангуй бага. Ялангуяа, шөнийн тариф 113 төгрөг. Энэ нь өмнөх тарифаас нэмэгдээгүй. Тиймээс хэрэглэгчдэд эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг хангахын тулд эрчим хүчний хэрэглэгчийн хэрэглээг зөв зохистой хэрэгтэй хэрэглэх дадалд суулгах, хоёрт, дутагдаж буй эрчим хүчний эх үүсвэрийг хэрэглэгчийн хэмнэлтээр бусад хэрэглэгчийн цахилгааныг хязгаарлахгүй байх үүднээс оргил ачааллын тарифыг бий болгосон. Үр дүн эхнээсээ гарч байна.

- Оргил ачааллын цагийг харвал хүмүүс ажлаа тараад гэртээ ирэх үе байна. Иргэдийн зүгээс өдөр буюу ажлын цагаар цахилгаан ашиглахгүй байхад яагаад оргил ачааллын цагийг тааруулж нэмэгдүүлэв гэдэгт шүүмжлэлтэй хандах тал бий. Энэ тухайд ямар тооцоо, судалгаа байна вэ?

- Өөрийнхөө бодит жишээгээ авч үзвэл, орой 18:00 цагт ажлаасаа гараад 20:00 цагийн үед гэртээ ирж байна. Оргил ачааллын хоёр цаг нь замд өнгөрсөн. Тэгвэлд үлдсэн хоёр цагт нь оройн хоолоо хийж байгаа. Үүн дээр орон сууцны айл өрхүүдийн хэрэглээнд огцом нөлөөлөхгүй. Сард дунджаар 250 орчим кв/ц хэрэглэж байгаа юм. Үүнийг нэмэгдсэн үнээр тооцвол 8000 төгрөг. Хэрэглэгчид цахилгааны үнийг огцом нэмлээ гэж хувиар нь ярьдаг. Бодит мөнгөн дүнгээр тооцвол найман мянган төгрөгөөс хамгийн их хэрэглээтэй айл 20 гаруй мянган төгрөгийн нэмэгдэл гарч байгаа. Хамгийн гол, оргил ачааллын үнэ тариф цахилгаанаар халаалтаа шийдсэн айл өрхөд нөлөөлж байгаа. Эдгээр айл өрхийн цахилгаан эрчим хүчний зардлыг бууруулахын тулд гурван тарифтай тоолуурт шилжиж оргил ачааллын үед цахилгаан халаагуураа хамгийн өндөр градуст биш тохиромжтой бага хэмжээгээр ажиллуулбал цахилгаан эрчим хүчээ 20-иос багагүй хувиар төлбөр хэмнэгдэнэ. Гуравт, барилгын дулаан алдагдлыг бууруулах.

Заавал хана тааз, дээврээ бүхэлд нь солих биш цонхны зай завсар, хаалганы зай завсарыг дулаалж арга хэмжээ авч чадвал цахилгааны зардал 40-50 хувь буурна.

Бид бодит байдлыг очоод үзвэл өрөөний голд дотор агаар 18 хэм байхад дулаан алдаж буй газарт -9 хэм хүйтэн байдаг. Энэ дулаан алдаж буй зааг, завсрыг бөглөж дулаалбал дотор агаарын температур 17-20 хэмд хүрнэ. Энэ тохиолдолд цахилгаан халаагуурын ажиллах цаг нь бага, ачаалал нь буурах хэмжээгээр төлбөр багасна. Эрчим хүч өөрөө үнэ цэнтэй бүтээгдэхүүн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Хоёрт, иргэд эрчим хүчийг зөв зохистой хэрэглэвэл миний төлбөр буурна гэдгийг ойлгохгүйгээр л шууд эрчим хүчний үнийг буулга гэж яриад байгаа юм. Тиймээс иргэд цахилгаан, эрчим хүчний хэрэглээгээ зөв зохистой болгох хэрэгтэй.

Жишээ нь, цахилгаанаар халаалтаа шийдсэн айл өрхүүд сард дунджаар 3000 кВ эрчим хүч хэрэглэж байна. Халаалтыг нь үзэхээр 1400-1800 кВ/ц хэрэглэх байтал 50 хувиар илүү эрчим хүч хэрэглэдэг. 50 хувиар илүү хэрэглэж буй эрчим хүч нь орон сууцанд амьдарч буй 5-6 айлын цахилгаан эрчим хүчний хэрэглээ юм.

Хэрэв дулаан алдагдлаа бууруулж 1700 кВ/ц хэрэглэвэл таван айл цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдахгүй байх боломжтой. Энэ агуулгаар нь иргэд ойлгох хэрэгтэй болов уу.

- Та яриандаа иргэдийг цахилгаан эрчим хүчээ хэмнэх зөв дадалд сурах нь чухал гэдгийг дурдлаа. Жишээ нь, ямар дадал?

- Дээр хэлсэнчлэн зөв дадал бол оргил ачааллын 17:00-22:00 цагийн хооронд та битгий зурагт үз, битгий хоол хий гэсэн үг биш. Өндөр цахилгаан эрчим хүч хэрэглэдэг угаалга хийх, индүүдэх, тоос соруулах зэрэг өндөр хэрэглээтэй цахилгаан хэрэгслүүдээ оргил ачааллын үед биш магадгүй 21:00 цагаас хойш ч юм уу, эсвэл өдрийн цагаар зэрэг бусад тарифын үед ашиглахаас л зөв дадал эхэлж байгаа юм.

Мөн цахилгаан хэрэгслүүд сонгож авахдаа гоё чамин гэхээс илүүтэй эрчим хүчний хэрэглээ, зарцуулалт багатай цахилгаан тоног төхөөрөмж сонгох, өөрийн амьдралын хэв маягт зөв зохистой хэрэглээг дадах нь чухал.

Жишээ нь, гэрээс гарахдаа гэр интернет, юнивешн, цахилгаан халаагуур, ус буцалгагч зэргээ залгаж орхисноос хэрэглээний төлбөр бага, багаар нэмэгдээд л байдаг. Энэ мэтчилэн 180 гаруй мянган өрхийг тооцвол жилд 600-700 сая төгрөг хэрэглээгүй эрчим хүчний төлбөрт үр ашиггүй зардал гардаг.

Тиймээс онц шаардлагагүй тохиолдолд хэрэглээгүй эрчим хүчний хэрэглээг танах зөв дадал хэвшил, хэрэглээний зөв менежментэд суралцахыг л хэлж байгаа юм. Эрчим хүч хэмнэнэ гэдэг нь хэрэглэгч шууд үр дүнг нь хүртдэг. 100 төгрөг төлөх байсан бол 70 төгрөг болж зардал хэмнэгдэж буй сайн үр дүн.

- Орон сууцны айл өрхүүдийн тоолуур шинэчлэгдээгүй, зарим нь 1990-ээд оны үеийн цахилгаан тооцоолуур хэвээрээ байгаа нь үнэн үү?

- Зарим орон сууц механик тоолуур буюу эргээд тоо нь солигддог тоолууруудтай. Үүнийг үе шаттайгаар шинэчилж ухаалаг тоолуурт үе шаттайгаар шилжүүлнэ. Энэ нь хэрэглэгч хэрэглээгээ хянах боломж бүрдэж байгаа. Хоёрт, цахилгаан эрчим хүчээ яаралтай таслуулах эсвэл залгуулах шаардлага гарвал цахилгаан түгээх компаниас залгах, хэрэглээний мэдээллийг авах зэрэг давуу талуудтай. 2026 оны сүүлч гэхэд бүх хэрэглэгчдийг ухаалаг тоолуурт шилжүүлнэ.

- Иргэдийн хувьд одоогоор цахилгааны хэрэглээгээ төлбөр гарсны дараа л мэдэж байна уу?

- Хэрэглэгчид mytog.mn сайт руу орж хэрэглээгээ мэдэх боломжтой. Мөн цахилгаан түгээх компани руу залгаж мэдэх боломжтой. Өмнө нь хэрэглээгээ мэдэх боломжгүй байсан нь тухайн айлын тоолуурыг байцаагч борлуулалт дээрээ шивнэ, маш их ажилтай.

Одоо ухаалаг тоолуур бүрэн хэрэгжиж эхэлснээр мэдээлэл нь шууд mytog.mn сайт руу орно. Шинэчлэлт, сайжруулалт хийснээр та өдөр бүр хэрэглээгээ хянах давуу талтай болно.

Техникийн хувьд боломж бүрдэж байна. Үүний тулд эрчим хүчний салбар орлоготой, мөнгөтэй байх л хэрэгтэй. Энэ хүрээнд л тариф тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгааг ойлгох хэрэгтэй.

- Иргэдийн зүгээс цахилгааны төлбөр 30-85 хувиар нэмэгдлээ гэдэгт шүүмжлэлтэй хандаж буй. Гэтэл мөнгөн дүнгээр 8-20 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна гэсэн үг үү?

- Иргэдийн хувьд 30, 60, 80 хувь гэж ярьж байгаа ч мөнгөн дүнгээр нь тооцвол 150 кВ.ц хүртэл хэрэглээтэй айлд найман мянган төгрөг нэмэгдэж байна. 300-350 кВ/ц хэрэглээтэй айл өрхийн цахилгааны нэмэгдэл 24 мянган төгрөг.

Найман мянган төгрөгийг өдрөөр нь авч үзвэл 300 төгрөг орчим. Үүнийг гурван ам бүлтэй айлаар тооцвол нэг хүний хэрэглээ 100 төгрөг л нэмэгдэж байна. Энэ мөнгөөр ганц ширхэг бууз ч авч чадахгүй. 24 мянган төгрөгөөр тооцвол тал пицца л авна.

Бүх айл өрхийг хэлээгүй ч сардаа нэг удаа пицца авч идэж байгаа шүү дээ. Гэтэл 24 мянган төгрөгөөр нэмэгдсэн эрчим хүчээр бид утсаа цэнэглэж байна, өдөр тутмын бүх цахилгаан хэрэгслээ ажиллуулж байна. Иргэд бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр дуугүй байдаг мөртлөө цахилгааны үнэ нэмэгдэхээр бөөн зүйл болдог. Гэтэл цахилгаан эрчим хүч бол тухайн хүний амин чухал, анхан шатны хэрэглээний бүтээгдэхүүний л төлбөр байхгүй юу. Тиймээс биш татвар, хураамж биш. Эсвэл шууд авч буй зардал төлбөр биш. Зөвхөн иргэн хүний хэрэглэсэн цахилгааны төлбөр л юм.

“Зохиомол хаягаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын чат руу “Ноорогийн хийсэн бичлэгээс болоод хүн амиа хорлох гээд байна” гэж бичсэний төлөө гүйцэтгэх ажиллагаа явуулсан“
“Зохиомол хаягаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын чат руу “Ноорогийн хийсэн бичлэгээс болоод хүн амиа хорлох гээд байна” гэж бичсэний төлөө гүйцэтгэх ажиллагаа явуулсан“
 
Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ
Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!