Эрүүл мэндийн яам коронавирусний цар тахлын талаар ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.11.13/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Арваннэгдүгээр сарын 12-нд нийт 1,030 хүний сорьцод шинжилгээ хийхэд зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ бөгөөд тэдгээрт халдвар илрээгүй. Харин ХӨСҮТ-ийн эмч ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр халдвар илэрлээ.
Ачаа тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Ойрын болон дам хавьтал нийт 3,000 орчим хүнийг хяналтандаа аваад шинжилгээ тандалт хийж байна. Сэлэнгэ аймагт 12-ноос 13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээлээ.
Ингээд нийт батлагдсан тохиолдол 412 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 90 хүний хоёрынх нь биеийн байдал хүнд, хүндэвтэр 12, хөнгөн 76 байна. ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт тандалтад байгаа" хэмээлээ.
Цагийн байдал хүндэрч, эрсдэл өндөр болсон тул дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байгааг албаныхан онцоллоо.