Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.23) Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл нар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний 1 дэх зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр заасан бөгөөд хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилгын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй хууль тогтоомжийн төслийг хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг болох, захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байх, хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа холбогдох төрийн байгууллага, иргэд, олон нийтээс өгсөн санал болон тухайн саналыг төсөлд тусгасан эсэхээ нэгбүрчлэн тайлбарлаж, үндэслэлийг дэлгэрэнгүй танилцуулгад тусгадаг байх, тав ба түүнээс дээш жил дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд биелэлтийн үр дагаврын үнэлгээг хийж, үнэлгээний үр дүнг хэлэлцүүлсэн байх зэрэг шаардлагуудыг тусгасан хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцууллаа.
Тус хуулийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн байгууллага, яамд, Монголын хуульчдын холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Улсын дээд шүүх, багш, судлаачдын дунд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!