ЭЗБХ: Засгийн газар БНЭУ-ын Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх саналыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.13) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа аж.

Энэтхэгийн талаас 464 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь EPC-4 багц ажлын хүрээнд зарцуулагдах тул 2019 онд тус багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулах хэлэлцээрийн дүнд нэгтгэсэнээр, нийт 700.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төсөлд тусгажээ. Зээлийн хэлэлцээрийн төсөлд Энэтхэгийн талаас өмнөх зээлийн хэлэлцээрийн нөхцөлүүдээс гадна дараах 3 нөхцөлийг шинээр тавиад байгаа гэв.

Тодруулбал, төслийн хүрээнд дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх; төслийн хүрээнд олох бүх орлого, авлагыг Монгол Улсад орших аль нэг банканд нээсэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансаар дамжуулах бөгөөд хэрэв зээлийн хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй буюу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос шууд татан авах; Зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлбөрийн үүрэг дуусах хүртэл буюу 2040 он хүртэлх хугацаанд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн орлогод дарамт үүсгэх аливаа асуудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банктай зөвшилцөх зэрэг нөхцөлүүдийг зээлийн хэлэлцээрт тусгасан байна.

Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь дэмжив. Иймд санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Х.Нямбаатар: Метроны төсөлд Английн Засгийн газраас хөрөнгө оруулалтын баталгаа гаргахад хүчин чармайлт гаргасан элчин сайд Фиона Блайтад талархлаа
Х.Нямбаатар: Метроны төсөлд Английн Засгийн газраас хөрөнгө оруулалтын баталгаа гаргахад хүчин чармайлт гаргасан элчин сайд Фиона Блайтад талархлаа
 
Н.Учрал: Өнөөдрөөс эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 20-30 минутад цахимаар хүлээн авч, хуульд заасан 22 хоногт багтаан шийдвэрлэнэ
Н.Учрал: Өнөөдрөөс эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 20-30 минутад цахимаар хүлээн авч, хуульд заасан 22 хоногт багтаан шийдвэрлэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!