УИХ-ын чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ талаарх Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цөмийн энергийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.1-д заасан гэрээг хөрөнгө оруулагчтай Засгийн газар байгуулахдаа Улсын Их Хурлын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Байнгын хороотой зөвшилцөнө” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг САС компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг санал, дүгнэлтдээ дурдлаа.
Байнгын хорооны саналаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь дэмжсэн. Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!