Улсын Их Хуралд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан. Түр хорооны өнөөдрийн хуралдаан 10.00 цагт ирц бүрдсэнээр эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун халдварыг дотооддоо алдаагүй гэдэгт итгэдэггүй хүний нэг гэсэн байр сууриа илэрхийлээд өнгөрсөн өвөл манай улсад маш хүнд ханиадны дэгдэлт үүссэн. Ханиадны шинж тэмдэг коронавируст халдварын шинж тэмдэгтэй адилхан байсан. Халдвартай нь тогтоогдож, эмчлүүлсэн Франц иргэн манай улсад ирээд олон хүнтэй уулзсан, гэтэл халдвар тархаагүй. Монгол хүмүүст ханиадны дархлаа байгаа юм биш биз гээд танин мэдэхүйн талаас хариулт хүсэв.
Х.Болорчулуун гишүүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй гэдэг нь тогтоогдсон. Өнгөрсөн оны 12, 1 дүгээр сард дэгдсэн ханиадаар өвчилсөн хүмүүсийн дунд дараа нь эсрэг бие тодорхойлох шинжилгээ хийж тандалт явуулахад эсрэг бие үүсээгүй хариу гарсан. Коронавирусыг ямар нэгэн байдлаар ханиад гэж авч үзэж болохгүй, нас баралт өндөртэй, аюултай халдвар. Франц иргэнээс халдвар дамжаагүй нь халдвар хамгааллын дэглэм сайн сахисантай холбоотой гэж ойлгож байгаа” хэмээн хариулав.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хил, гаалийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Дээрх асуултад Шадар сайд Я.Содбаатар зарим улстай залгаа хилээ хаасан талаар хариулав. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээврийн жолооч нараас өдөртөө 1-2 халдвар илэрч байгаа учир эрсдэл өндөр хил, гаалийг хаасан талаар танилцуулсан. Сүүлийн өдрүүдэд боомтуудын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор Баян-Өлгий аймагт Корона вирусын халдварыг алдсан хэмээн иргэд таамаглаад байгаа билээ.