Туркийн баруун нутгийн Измир муж Эгейн тэнгис орчимд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар, нас барагсдын тоо 81 болж, 900 гаруй хүн бэртэж гэмтжээ. Барилгын нурангин дороос хүмүүсийг аврах, цогцоснуудыг гаргах ажиллагаа үргэлжилж байна.
Аврагчид нурангид дарагдсан 70 настай эрэгтэйг амьдаар нь олж, эмнэлэгт хүргэжээ. Тэрбээр 34 цагийн турш нурангин дор байжээ. Мөн 65 цагийн турш нурангид дарагдсан гурван настай охиныг эсэн мэнд гарган авсныг дэлхийн хэвлэлүүд онцоллоо.
Туркийн гурав дахь том Измир, Грекийн Самосын арлуудын ойролцоо баасан гаригийг орой долоон магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 20 гаруй барилга байшин нурж, сүйдсэн билээ. Газар хөдлөлтийн чичиргээ Туркийн баруун хэсэг, Истанбул хот, Грекийн нийслэл Афин хотод хүртэл мэдрэгджээ.