“Монголын оюутны спортын V наадам”-ын нээлт боллоо. Энэхүү наадмыг Монгол Улсын бүх оюутны дунд 2005, 2009, 2013, 2017 онд 4 удаа амжилттай зохион байгуулсан уламжлалтай. Монголын оюутан залуусын хүсэн хүлээдэг тус наадмыг энэ оноос эхлэн дэлхийн оюутны Универсиадын жишгийн дагуу хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар болсон юм.
Монгол Улсын Биеийн тамир, спортын хуулийн 6.1.5 ба 17.2 дах заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/493 тушаал, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/46 тоот тушаалд заасны дагуу “Монголын оюутны спортын V наадам”-ын шигшээ тэмцээнийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ноос 12 дугаар сарын 10-нд спортын 10 төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.