СУРВАЛЖИЛГА: Энэ жил тренд болж буй энгийн загвартай дээлний захиалга ихэнх газарт дүүрч эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 43 секунд

Шинэ жилийн шархаа нөхөж амжаагүй байтал цагаан сарын бэлтгэл эхэлж дээлний эрэлд хүмүүс гарчээ. Оёдолчид толгой өөд татах завгүй захиалгад дарагдаж байна. Зарим нь эхнээсээ дүүрчээ. Энэ жил цагаан сарын баяр харьцангуй хожуу буюу гуравдугаар сарын 1-нд тохиож байгаа ч уламжлалт баярынхаа гангарааг хүмүүс ийнхүү эртнээс бэлдэж эхэлсэн дүр зурагтай байна. Бид энэ удаагийн сурвалжилгаар эрэлт, үнэ ханш, энэ жилийн трэнд ямар байгааг бэлтгэн хүргэхийг зорилоо.

Хүмүүсийн нэрлэж заншсанаар шилэн банк буюу Улаанбаатар банкны эсрэг талд байрлах торго бөс барааны дэлгүүрүүдээр орлоо. Хаяа залгасан “Дөл торго” “Шилмэл торго”, “Хас торго”, “Тосон торго” зэрэг торго бөс бараа, дээл захиалгын газар бий. “Шилмэл” салоноор орвол дэргэдээ торго бөс барааны дэлгүүртэй аж. Хүмүүс ч цөөнгүй, цагаан сарын баярын гоёлдоо үнэ харамлахгүй гэлцэнэ. Мөн л салоны тухайд захиалгад дарагджээ. Оёдолчид тун завгүй харагдана.

-НЭГДҮГЭЭР САРД ЦАГААН САРЫН ДЭЭЛНИЙ ЗАХИАЛГА АВЧ ДУУСДАГ-

Шилмэл торго” салоны мастер Ц.Лхагваа: Шинэ жилийн үеэр цагаан сарын дээлний захиалга харьцангуй бага байдаг. Шинэ он гараад л ачаалал эхэлдэг. Хэдий энэ жил цагаан сар хожуу болох ч захиалга их байна. Ерөнхийдөө нэг сарын өмнөөс дээлний захиалга авч эхэлдэг. Тиймээс энэ сард дээлний захиалгаа авч дуусна. Манай салон олон жил үйл ажиллагаа явуулж байгаа болохоор хүмүүс ч андахгүй. Нэг дээлийг 7-14 хоног, ачаалалтай үед түүнээс дээш хугацаанд гаргаж байна. Нэг үеэ бодвол, хүмүүс гэр бүлээрээ үндэсний хувцасаар гоёх болсон. Сүүлийн үед энгийн загвартай дээл их сонирхож байна. Материалын чанараас хамаараад харилцан адилгүй үнэтэй болно.

Жишээ нь, сайн чанарын хүр хорхойн торгоор урласан дээл эмэгтэй загвар нь 780 мянган төгрөгөөс 1 сая төгрөгт багтаж байна. Эрэгтэй загварын дээл 850 мянган төгрөгөөс дээш үнэтэй болно.

"Шилмэл торго" салоны дээл эмэгтэй загвар

“Дөл торго" бөс барааны дэлгүүрээр орвол мөн дээлний захиалга авч байгааг хэллээ. Тус дэлгүүр хоёрдугаар сар гартал цагаан сарын дээлний захиалга авах юм байна. Одоогоор хүмүүс дээлний үнэ ханш сураглаж, зарим нь эхнээсээ захиалга өгч эхэлсэн гэнэ.

-ДЭЭЛНИЙ ЗАХИАЛГА ХАМГИЙН БАГАДАА Л 800 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА-

Худалдагч Б.ДӨЛГӨӨНМӨРӨН: Шинэ жилийн дараа цагаан сар хүртэл сезоны үе байдаг. Одооноос хүмүүс асууж эхэлсэн. Зарим нь захиалга өгч байна. Одоохондоо нэг дээлний захиалга дунджаар 500-600 мянган төгрөг болно. Гэхдээ материалаасаа хамаараад харилцан адилгүй үнэтэй. Манайх нэг дээлийг 3-7 хоног, ачаалалтай үед түүнээс дээш буюу 14 хоногт гаргаж байна гэлээ.

Мөн үндэсний дээл урлалаар танигдсан "Тосон торго"-оор оръё гэвэл хаалттай байлаа. Тус салоны тухайд арванхоёрдугаар сараас захиалга авч эхлээд байсан юм.

Зэргэлдээх торго бөс барааны дэлгүүрээр орвол “Одоо захиалгаа өгөхгүй бол удахгүй дүүрнэ шүү” гэдгийг хэлсэн юм. Энд дунджаар хос дээл 1.6 сая төгрөгт гарч байгаа юм байна.

Эмэгтэй загварын дээл дунджаар 800 мянган төгрөг бол эрэгтэй загварын дээл мөн адил үнэтэй. Гэхдээ торгоо гаднаас авахгүй гэдгийг сануулж байсан юм.

Товчхондоо, нэгдүгээр сар бол дээл захиалахад хамгийн тохиромжтой үе. Харин хоёрдугаар сард цагаан сарын баярын сезон эхэлдэг учраас дээлний захиалга авахгүй болохыг оёдолчид болон үндэсний брэндүүд хэлж байсан юм. Дээлний захиалга хамгийн багадаа л 800 мянган төгрөгөөс эхэлж байгааг хэд хэдэн торго бөс барааны дэлгүүр, салоноор ороход анзаарагдаж байлаа.

Монголчуудын дунд өөрийн гэсэн өнгө төрх, хэв маягаар аль хэдийнэ танигдсан “Өв” брэндийг зорилоо. Тус брэнд бэлэн дээл худалдаалахаас гадна захиалга авдаг. Мөн л нэгдүгээр сарын 20, цаашилбал 30 хүртэл захиалга авч дуусахыг хэлж байлаа.

-ЭНЭ ЖИЛ ЭНГИЙН ЗАГВАРТАЙ МОНГОЛ ДЭЭЛ ТРЕНД БОЛЖ БАЙНА-

“Өв” брэндийн Gem mall салбарын худалдааны зөвлөх Ц.Оюунчимэг: Энэ жил энгийн загвартай Монгол дээл трэнд болж байна. Илүү минимал чиг хандлага давамгайлах болсон.

Урьд жилүүдэд шигтгээтэй, даашинз загварын дээл их сонирхдог байсан бол одоо хүмүүс илүү энгийн загвартай дээл сонирхож эхэлсэн.

Манай брэнд уламжлалт дээлний загварт бага зэрэг деталь хэсэг шигтгэж өгснөөрөө илүү чамин харагдуулж буй. Тухайлбал, эрэгтэй загварын дээл гэхэд шилбийг нь өөр өнгийн утсаар тодотгож өгсөн нь илүү загварлаг харагдуулж байгаа юм. Ерөнхийдөө цагаан сарын баярын дараагаас л дээлний захиалга эхэлж, утасны ачаалал эрс нэмэгдэж байна гэлээ.

"Өв" брэндийн энэ жилийн загвар

Нэг үеэ бодвол, монголчууд цагаан сарын гоёлоо эртнээс зэхдэг болсон нь анзаарагдаж байлаа. Иймээс л дээлний захиалга эхнээсээ дуусч, үндэсний брэндүүд, зах худалдааны төвүүд цагаан сарын худалдаагаа эхлүүлээд байна. Баяр болохоор олны хөлд дарагддаг “Нарантуул”, “Дүнжингарав”, “Бөмбөгөр” зэрэг томоохон зах худалдааны төв эхнээсээ үүдээ нээгээд байна.

-ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВД НЭГ ДЭЭЛ 150-800 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Шинэ оны дараахан ажиллаад буй “Дүнжингарав” худалдааны төвөөр орвол худалдаачид гацуур мод, тоглоомуудаа цааш хурааж оронд нь дээлээ гаргаж байлаа. Зарим лангуу аль хэдийнэ дээлээ гаргаж, сонирхсон хүмүүс их байлаа. Тус худалдааны төвд Монгол дан цамц эрэгтэй, эмэгтэй загвар дунджаар 150 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол үндэсний дээл 450-800 мянган төгрөгийн үнэтэй байна. Ихэнх нь хувь хүн буюу оёдолчдын урласан дээл болохыг худалдаачид ярьж байлаа. Харин зарим нь үндэсний брэнд аж.

-ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ДАРААГААС Л ХҮМҮҮС ЦАГААН САРД БЭЛДЭЖ БАЙНА-

Худалдагч Н.НАРМАНДАХ: Шинэ жил өнгөрөөд л хүмүүс цагаан сарын баяртаа бэлдэж байна. Дээл, хувцас сонирхож байгаа хүмүүс их ч байна. Анзаарахад, 400-600 мянган төгрөгийн хооронд дээл, хувцас сонирхож байна. Манайх Nart Mongol брэнд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон учраас хүмүүс андахгүй. Дээлнээс илүү үндэсний загварыг орчин үетэй хослуулж урладаг. Жишээ нь, калбитан өмд 95 мянган төгрөгийн үнэтэй. Мөн Монгол хүрмийг куртканы загвартай хослуулсан бөгөөд 455 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ загварыг хүмүүс их сонирхдог. Гадаадад байгаа монголчууд ихэвчлэн захиалга өгдөг. Залуус ч бас их сонирхож байна. Хүмүүс цагаан сарын баярын бэлтгэлээ базааж эхэлсэн харагдаж байна

-ИРГЭД ДУНДЖААР 350-450 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХООРОНД ДЭЭЛ СОНИРХОЖ БАЙНА-

Худалдагч А.БАЯРСАЙХАН: Цагаан сарын сезон хараахан эхлээгүй байна. Хүмүүс дээлний үнэ ханш сураглаад судалж эхэлсэн. Зарим нь эртнээс авч бэлдэж байна. Манайд энгийн загвартай, мөргүй дээл 480-780 мянган төгрөгийн хооронд үнэтэй байгаа. Торгоны чанараас хамаарч л үнэ харилцан адилгүй. Дундын торгоор урласан нударгагүй дээл 480 мянган төгрөгийн үнэтэй байна. Дээлний бүс тусдаа 85 мянган төгрөгийн үнэтэй. Мөн дан цамц 150 мянган төгрөг. Бид өөрсдөө дээлээ оёж зардаг. Хүмүүсийг анзаарахад 350-450 мянган төгрөгийн хооронд дээл сонирхож байна.

-ЦАГААН САРЫН БАЯРЫН СЕЗОН ЭХЛЭЭГҮЙ Ч ДЭЭЛ ГҮЙЛГЭЭТЭЙ БАЙНА-

Худалдагч Р.НАРМАНДАХ: Манай дээлийг хүмүүс андахгүй. Nar fashion salon гэхэд л мэднэ. Даашинз загвартай, сунадаг, солонгос материалтай. Энэ загвараар 10 гаруй жил дээл урлаж байна. 250 мянган төгрөгийн үнэтэй байна. Гадаадад амьдарч буй монголчууд, аялахаар явж байгаа хүмүүс манай дээлийг голчлон авдаг. Бас цагаан сарын үеэр ч их эрэлт хэрэгцээтэй байдаг. Хүмүүсийг анзаарахад одооноос цагаан сарын дээл, хувцасаа зэхээд эхэлж байна. Баяраар өмсөх дээлний үнэ ханш, материал судалж эхнээсээ борлуулагдаж байна. Өнөөдөр гэхэд л дөрвөн ч дээл зарлаа.Одоо сезон эхлэх учраас гүйлгээтэй болно. Ер нь цагаан сарын баярт эрт бэлддэг болсон байна.

дүнжингарав худалдааны төвд борлуулагдаж буй дээл 2025.01.03

Мөн хэзээний танил болсон Iveel брэндийн тухайд гоёлын дээлний захиалга авдаггүй бөгөөд жилийн дөрвөн улиралд үндэсний хувцас худалдаалдаг. Гэсэн хэдий ч цагаан сараар гоёх хос хантааз, дээл зэрэг цагаан сарын баярын борлуулалтаа хийгээд эхэлжээ.

-ИВЭЭЛ: ЦАГААН САРЫН ЗАРИМ ГОЁЛЫН ЗАГВАР ЭРТ БОРЛУУЛАГДАЖ ДУУСДАГ-

2 хүн, батик хэвлэмэл хувцас ба бичвэр нарын зураг байж магад

Энэ жилийн тухайд цагаан, цэнхэр өнгө трэнд болж байгааг тус брэнд тодотгож “Нэг үеэ бодвол хүмүүс цагаан сарын баярт эрт бэлдэх болсон. Худалдан авалтууд ч эхэлсэн.

Энэ жил торгоноос илүү даавуун оруулга трэнд болж байна.

Манай брэнд үндэсний хэв шинжийг орчин үеийн загвартай хослуулсан загварыг аливаа баяр ёслолд зориулан тусгайлан гаргадаггүй ч зарим загвар цагаан сарын үеэр эрт дуусдаг” гэж байлаа. Тухайлбал, залуу гэр бүл, хосууд гоёж болохоор хос цамц гэхэд л дунджаар 395 мянган төгрөг болж байгаа юм.

-EZA: ДЭЭЛНИЙ ЗАХИАЛГА ДҮҮРЧЭЭ-

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Шинэ он гараад хэдхэн хоног өнгөрч байгаа ч нэгдүгээр сар дундаа ороогүй байхад л зарим газар цагаан сарын дээлний захиалга дүүрсэн байлаа. Түүний нэг нь “Eza Fashion” салон. Үндэсний дээлийг арьс болон савхитай хослуулан урладаг тус салоны нэрийн гоёлынхоо захиалгыг авч дуусчээ.

Тус салоны зүгээс “Бид арванхоёрдугаар сард цагаан сарын дээлний захиалга авч эхэлсэн. Одоо захиалга дүүрсэн тул нэмэлт захиалга өгөх боломжгүй. Бусад бэлэн загварууд худалдаанд гарч байгаа” гэв.

Дараа жил хүртэл даан ч хол байна даа гэгч л болжээ. Тус салоны гоёлын дээл эмэгтэй загвар нь 418 мянган төгрөг бол эрэгтэй загвар нь 338 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

-ТҮМЭН ТОРГО: ХОЁРДУГААР САРД ДЭЭЛНИЙ ЗАХИАЛГА АВАХГҮЙ-

May be an image of 2 people and text

Түүнчлэн “Түмэн торго” бэлэн загваруудаа худалдаанд гаргаж эхэлжээ. Бас захиалга авч байгаа бөгөөд нэгдүгээр сарын 20-ныг хүртэл боломжтой юм байна. Тус салоны зүгээс “Манайд гарч буй загваруудаас захиалга өгвөл 20 хувийн нэмэлт төлбөр төлнө.

Хүр хорхойн торгоор урласан дээлийн үндсэн үнэ эмэгтэй загвар 889 мянган төгрөг, эрэгтэй загвал нь 1 сая төгрөг болно. Үүн дээр 20 хувийн нэмэлт төлнө гэсэн үг. Мөн хүүхдийн дээл торгоны чанараас хамаарч 149-260 мянган төгрөгийн үнэтэй.

Бид хоёрдугаар сараас захиалга авахгүй учраас одоогоор дээлээ захиалах боломжтой.

Ерөнхийдөө хүмүүс мөргүй, нударгатай дээл их сонирхож байна” гэлээ. Тус салон нь мөртэй нударгагүй болон мөргүй, нударгатай дээл гэсэн хоёр янзын загвар урлаж байгаа аж.

Улаанбаатарт шөнөдөө  -24 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -24 хэмийн хүйтэн хононо
 
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!