ХХААХҮЯ, ГХЯ, Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, Үндэсний хөгжлийн газар хамтран “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг энэ сарын 19-20-нд Блю скай зочид буудалд зохион байгуулна.
Энэ нь Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалтын боломж нээх, экспортын сүлжээнд нэгдэж, экспортыг төрөлжүүлэх, гадаад худалдааг нэмэх, кластерын сүлжээ бий болгох зорилготой.
“Экспорт Монгол 2020”-ын үеэр бизнес форум, уулзалт, виртуал үзэсгэлэн, сургалт, семинар болж, Монгол Улсад суугаа гадаадын болон манай улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж мэдээллээ түгээнэ. Экспортыг дэмжих төсөл (EDP), USAID, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг GIZ, Монголын худалдааг дэмжих төсөл (EU-TRAM), Америкийн Худалдааны Танхим(AMCHAM), Францын Худалдааны Танхим, Европын худалдааны танхим, ЖАЙКА, ЖЕТРО, КОЙКА зэрэг олон улсын төсөл, хөтөлбөр, донор байгууллагын дэмжлэгээр гадаадад сурталчлахаас гадна Eventbrite, LinkedIn зэрэг олон улсын эвент сурталчилгааны сувгаар мэдээлэл цацна.
Цахим уулзалтаар Дэлхийн банкны дэмжлэгээр 40 гаруй улсын хөрөнгө оруулагчдад төсөл хөтөлбөрөө танилцуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес түнш олох боломжтой. Үзэсгэлэнд оролцсоноор Монголын үндэсний брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн 10 гаруй орны худалдан авагчдад танилцуулж, виртуал танхимд 14 хоног сурталчлах аж. Мөн www.ExpoMongolia.org вэб сайт болон апликэйшнээр дамжуулж сурталчилна. Сургалт, семинараар экспортын талаар зөвлөгөө өгч, олон улсын сайн туршлагаас суралцах юм.