МҮХАҮТ-ын санаачилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй уулзаж, улс орны эдийн засгийн хөгжлийн болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр МҮХАҮТ-аас Эдийн засгийг эрчимжүүлэх систем динамикийн мэдлэгт суурилсан загварыг танилцуулж, санал авлаа. Үүний жишээ болгож Эрдэнэс Силвер ресурс ТӨХК “Салхитын мөнгөний ордын үр өгөөж” сэдвээр мэдээлэл хийв.
Танхим нь 2019 онд мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө гаргах ажлын хүрээнд аймгуудын систем динамик загварчлалыг хийсэн ба Дундговь аймгийн нийгэм эдийн засагт Салхитын ордын нөлөөг авч үзсэн байдаг.
Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн танилцуулахдаа “Бид сүүлийн 30 жилд 15 удаагийн сонгууль явуулж, 18 Засгийн газар сольсон байна. Тэр хэрээр улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсч энэ нь эргээд эдийн засагтаа нөлөөлж байна. Цаашид яг одоогийн хэвээрээ явбал 2025 он гэхэд ДНБ 13 тэрбумаар өснө, бидний дэвшүүлж буй аргачлалаар бол 30 тэрбумаар өсөхөөр байна. Хувийн хэвшилд суурилсан, тэр дундаа манлайлал нь ил тод болсон хөгжлийн загварыг бид санал болгож байна. Ингэснээр цөөн хэдэн бүлэглэл үр ашгийг хүртэх биш 1,3 сая ажлын байр бүрдүүлж буй хувийн хэвшлийн салбарын тэгш оролцоо бий болох юм” гэв.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын төгсгөлд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг тусгасан энэхүү загварыг хэрэгжүүлэх саналуудаа УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулсан бөгөөд хууль тогтоогч байгууллагын зүгээс судалж үзэж, ажил хэрэг болгохоо мэдэгдсэн юм.