Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр тус улсын Цог жавхлант хаан Маха Вачиралонгкорн Пра Вачираклаочаоюхуад энэ сарын 26-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Тайландын Цог жавхлант хаан Маха Вачиралонгкорн Пра Вачираклаочаоюхуа Элчин сайдаар томилогдсон А.Төмөрт баяр хүргэж, Монгол Улс нь үзэсгэлэнт байгаль, өргөн уудам тал нутгаараа алдартай бөгөөд монголчууд зочломтгой, найрсаг ард түмэн болохыг дурьдав. Мөн хоёр улсын нийслэл болох Улаанбаатар, Бангкок хотын эгч дүүсийн харилцаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд А.Төмөр хоёр улсын нийслэлийн болон орон нутгийн хамтын ажиллагааг бүх түвшинд гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах болно хэмээлээ.