Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Орегоны музейд Чингис хааны үзэсгэлэн нээлтээ хийжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 21 секунд

АНУ-ын Орегоны музейд Чингис хааны томоохон үзэсгэлэн нээлтээ хийжээ.

Саяхан Франц улсын Нант хотын музейгээс Чингис хаан болон Монголын эзэнт гүрний тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байсан ч Хятадын засгийн газрын шахалттай тулгаран хойшлуулсан билээ. Уг үйл явдал монголчууд бидний төдийгүй дэлхий нийтийн уур бухимдлыг төрүүлсэн юм.

Тэгвэл саяхан АНУ-ын Орегон мужийн Портланд хотод байрлах Орегоны шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музейд "Чингис хааны амьдрал ба өв залгамжлал" нэртэй үзэсгэлэн гарч эхэлжээ.

Энэ үзэсгэлэн 10 сарын 24-нд нээлтээ хийсэн бөгөөд Орегоны музейн 2 давхрыг хамарсан баялаг үзмэртэй, томоохон үзэсгэлэн бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 15 хүртэл олны хүртээл болох аж.

"Чингис хааны амьдрал ба өв залгамжлал" үзэсгэлэн нь зургаан томоохон хэсгээс бүрдсэн аж. Тэдгээрийг дурьдвал:

"Бэлчээр" Төв Азийн нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, Чингис хааны дайснууддаа хөөгдөж явсан эрт үеийг харуулсан хэсэг. Уг хэсэгт Монгол гэр барьсан бөгөөд музейн үзэгчид дотор нь орж, монголчуудын амьдралын хэв маягтай бодитоор танилцах боломжтой аж.

"Монголчуудын хүчирхэгжил"- Бүхний хүндлэл хүлээсэн залуухан эзэн хаан хэрхэн тархай, бутархай овог аймгуудыг нэгтгэж, дэлхийд гайхагдсан морин цэргийг бүрдүүлсэн тухай өгүүлэх хэсэг. Энэ хэсгээс түүхэн дэх бусад бүх эзэнт гүрнээс дөрөв дахин их газар нутгийг захирахдаа Чингис хааны ашиглаж байсан морьтны соёл, тухайн үеийн зэвсгийн шинэ инновацийг судлах боломжтой юм байна.

"Ханан хот"- Чингис хааны дараа түүний өв залгамжлагч (Өгөдэй) Хархорум хотыг эзэнт гүрнийхээ нийслэл болгож, хана, хэрэм босгожээ. Монголчууд дэлхийн өнцөг булан бүр дэх дайснуудаа дарж дуусаад, дайн дажин намдахын хэрээр нийслэлд нь урлаг, соёл, олон янзын шашин цэцэглэн хөгжиж, тэдний ахуй хэрхэн өөрчлөгдсөнийг энэ хэсэгт харуулах аж.

Торгоны зам: Их эзэн Чингис хаан хэрхэн харгис хэрцгий дайчин мэт хэрнээ ухаалаг төрийн зүтгэлтэн, нинжин сэтгэлтэй удирдагч байсныг энэ хэсгээс олж мэдээрэй. Тэрээр дэлхий нийтийг өөрийн мэдэлд эрхшээсэн хугацаандаа тогтвортой засаглал, шударга татварын тогтолцоог бий болгож, урлагийг үнэлж, бүх нийтийн шашинг хүлээн зөвшөөрч, Торгоны замын дагуух нээлттэй худалдааг бий болгож, боловсронгуй нийгмийг цогцлоож чаджээ. Торгоны зам бол өмнө нь бие биенээ оршдогийг ч мэддэггүй байсан дэлхийн соёл иргэншлүүд өөр өөрсдийн бараа таваар, техник технологи, шинэ санаагаа солилцсон, амин чухал худалдааны зам байлаа.

Хубилай хааны ордон: Энэ хэсэгт Бүх Хятадыг захирсан анхны Монгол хүн, Их хааны ач хүү Хубилай хааны Занаду дахь ордныг барьжээ. Эндээс Марко Пологийн бэлгэ тэмдэг бүхий шаазан эдлэл, сэлэм зэрэг үзмэрийг үзэж сонирхох боломжтой аж.

Өнөөгийн Монгол: Аугаа хааны үеийн нүүдэлчдийн соёл иргэншил найман зууны дараа ч, өнөөг хэр хадгалагдан үлдсэн бөгөөд 21-р зууны шинэ амьдралын хэв маягтай огтлолцон оршиж байгааг энэ хэсэгт харуулжээ. Ийнхүү хоёр соёлын шилжилт хийж байгаа Төв Азийн алслагдсан улсыг гэрэл зураг, дуу хөгжмөөр танин мэдэж, нээн илрүүлэх боломжтой гэнэ.

Үзэсгэлэнд 13-14-р зууны үеийн олдворууд болох зэвсэг, хувцас, үнэт эдлэл, гоёл чимэглэл, хөгжмийн зэмсэг болоод бусад дурсгалт зүйлс, орчин үеийн гэрэл зураг, түүх хүүрнэл зэрэг түүхэн эд өлгийн зүйлс багтжээ.

Бурхан Халдун уулын тахилга боллоо
Бурхан Халдун уулын тахилга боллоо
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.