“Чинээлэг малчин” төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн малчид хурганы махаа зах зээлд нийлүүлж эхэллээ.
Малчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, амжиргааг дэмжихээр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ, “Мон Эколэмб” ХХК, “Цалуут Импекс” ХХК-ийн махны үйлдвэр хамтран гурван талт гэрээ байгуулсан. Энэ хүрээнд “Мон Эколэмб” ХХК нь дотоодын зах зээлд анх удаа хурганы мах нийлүүлж байна. “Mongolian Lamb” нэртэй энэ брэнд нь бэлчээрийн хурганы махыг олон улсын чанарын стандарт хангасан үйлдвэрт боловсруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан сав, баглаа боодолтойгоор зах зээлд нийлүүлж байгаа юм.
“Чинээлэг малчин” төсөл нь малчид малынхаа үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн малын тооноос чанарт шилжиж, бэлчээрээ хамгаалах, мал сүргийн бүтцийг чанаржуулах, эрүүлжүүлж, органик хурганы махаар төв суурин газрын хэрэглэгчдийг хангах, монгол хүн эрүүл, аюулгүй хүнсээ хэрэглэх дадал, соёл бий болгох зорилготой. Мөн малчид цөөн тооны эх мал маллаж өвлийг давах, төлөөсөө тогтмол орлого олох боломжтой. Тиймээс “Mongolian lamb” брэнд нь Монголын хөдөө аж ахуйн тогтолцоонд шинэчлэл авчрах, цоо шинэ алхам хийж буй төсөл юм..