Эрх баригч МАН-ын дангаараа бүрдүүлсэн өмнөх Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Шинэ хоршоо хөдөлгөөнийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хот, хөдөөгүй сурталчилсан байдаг.
Тодруулбал, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд бусдаар гүйцэтгүүлсэн ажлын гэрээ, тайлан ил болоод буй. Бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр үйл ажиллагааг нь сурталчлан таниулах ажил гүйцэтгэсэн зарим ТББ, ААН-үүд огт хамааралгүй байгууллагуудыг тайландаа хавчуулж, өндөр санхүүжилт авсан баримт нь олон нийтийн сүлжээнд тавигдаж, багагүй шуугиан дэгдээсэн.
Тэгвэл бид Шинэ хоршоо хөдөлгөөнийхний дараагийн хийсэн ажил болох хот, хөдөөд гарын авлага хэвлүүлэхээс эхлээд, тайз түрээслэх хүртэлх ажилд зарцуулсан мөнгөн дүн, уг ажлыг гүйцэтгэсэн компаниудын мэдээллийг хүргэж байна.
НЭГ: 1400 ширхэг танилцуулга, гарын авлагыг нэг бүрийн 13500 төгрөгт тооцож, 18.9 сая төгрөгөөр хэвлүүлжээ
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, Захиргаа санхүүгийн хэлтсийн менежер М.Уламбаяр нар 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Ариба пирамид” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхболортой ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулж байжээ. Гэрээнд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 1400 ширхэг танилцуулга, гарын авлага хэвлүүлэх буюу нэг бүрийн үнийг 13500 төгрөг байхаар тохиролцжээ.
ХОЁР: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн танилцуулга, гарын авлагыг 1000 ширхэг хэвлүүлэхээр 10.350.000 төгрөгийн гэрээ байгуулжээ
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Кристал Пресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Сансартуяатай “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн танилцуулга, гарын авлагыг 1000 ширхгээр хэвлүүлэх 10.350.000 төгрөгийн гэрээ байгуулжээ.
ГУРАВ: Дорнод аймгийн Чойбалсан хотод арга хэмжээ зохион байгуулах хурлын танхим тохижуулах, тоног төхөөрөмж түрээслэх ажилд 50 сая төгрөгийн гэрээ байгуулжээ
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Цахиурын дуу хоолой” ТББ-ын Ерөнхий менежер Д.Чимэгтэй 50 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Гэрээнд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээг Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулах ажлын хүрээнд хурлын танхим тохижуулах, тоног төхөөрөмж, дэлгэц түрээслэх ажлыг гүйцэтгүүлсэн байна.
ДӨРӨВ: Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд арга хэмжээ зохион байгуулах хурлын танхим тохижуулах, тоног төхөөрөмж түрээслэх ажилд 18 сая төгрөгийн гэрээ байгуулжээ
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Сэрүүлэг констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хулан нар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээг Сүхбаатар аймгийн Баруун Урт суманд зохион байгуулахтай холбогдох 18 сая төгрөгийн гэрээг байгуулжээ. Тодруулбал гэрээнд хурлын танхим тохижуулах, тоног төхөөрөмж, дэлгэцээр хангах, дүрсжүүлэх ажлыг тусгасан байна.
Үргэлжлэл бий...