Эрчим хүчний үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, "Эрчим хүчний үнийн нэмэгдэл инфляцад нөлөөлөх вий гэх болгоомжлол байгаа. Эрчим хүчний үнэ бол гол суурь үнүүдийн нэг. Үүнтэй хэн ч маргахгүй. Эрчим хүчний зохицуулах хороон дээр бодогдож байгаа хувилбаруудаар тооцоод үзэхээр хамгийн ихдээ 2024 оны үлдсэн хугацаа 2025 онд инфляцийг 2.4 орчим хувь нэмэгдүүлэх байх. Энэ бол зөвхөн урьдчилсан тооцоолол. Үүнийг Эдийн засгийн хөгжлийн яам, ҮСХ, Монголбанктай хамтарч бодож гаргасан. Гэхдээ энэ тооцоолол дээр хүлээлтийн инфляци нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үнэ нэмэгдсэн учраас бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байна. Хүлээлтийн инфляци нэг улирлынхаа явцад дахиад 2 орчим хувь нэмэгдээд нийтдээ 3-4 хувийн үнийн өсөлтийг өдүүлэхийг үгүйсгэхгүй. Байгаа байдал энэ. Энийг нуугаад хэрэггүй. Бидний л хувь тавилан байгаа нөхцөл байдал энэ" гэлээ.